WSJ: Газын зурваст "завсрын бүс" байгуулахаар Израил төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-11-20 16:30:03

НЬЮ-ЙОРК, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /WSJ/. Ойрхи Дорнодод үүссэн өнөөгийн хурцадмал байдал намжсаны дараа Израилын эрх баригчид Газын зурвасын хилийн дагуу "жийргэвч завсрын бүс" байгуулахаар төлөвлөж байгаа тухай The Wall Street Journal (WSJ) сонин Израил, Америкийн албаны хүмүүсийн ярьсныг эш татан мэдээлжээ.


Тэдний үзэж байгаагаар, Израил улс Газын зурвасыг эзлэх төлөвлөгөөгүй байгаа бөгөөд Палестины эзэмшил дэх уг нутгийг палестинчууд амьдрахыг хориглосон "дундын газар нутаг" болгох аж. Ийм төлөвлөгөө Израилын хамгийн ойрын холбоотон болох АНУ-д таалагдахгүй байж магадгүй бөгөөд Вашингтон хэрхэн хандах нь одоогоор тодорхойгүй байна гэж WSJ бичжээ. 


Дээрх төлөвлөгөөний дагуу Газын зурвасын газар нутгийн хэмжээ багасахгүй боловч өөрийн нутаг дэвсгэрт нэвтрэх палестинчуудын эрхийг хязгаарлах гэж байгаа нь АНУ-ын дургүйцлийг хүргэж магадгүй юм. Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Палестины эзэмшлийн газар нутгийг багасгахыг АНУ хүлээн зөвшөөрөхгүй хэмээн анхааруулж байсныг WSJ дурджээ.


Сонины эх сурвалжуудын хэлж байгаагаар, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху-д хандан, мөргөлдөөн улам даамжрахаас сэргийлэх, энгийн иргэд амь насаа алдаж байгаа явдлыг зогсоох арга хэмжээ авахыг ятгаж байгаа боловч энэ нь холбоотнуудын хооронд санал зөрөлдөөнийг үүсгэж байгаа аж. Сүүлийн үед Израилын цэргүүд “илүү оновчтой цохилт өгч чадаж байгаагаа харуулсан” нь Америкийн тал тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг илтгэж байна гэж тус сонины эх сурвалжууд онцолжээ. Гэсэн хэдий ч Байдены засаг захиргаа илүү олон барьцаалагдсан хүмүүсийг суллахын тулд хүмүүнлэгийн үүднээс урт хугацаагаар гал зогсоох шаардлагатай гэдэгт Израилыг итгүүлж чадаагүй л байна. 


Израилын тал таван өдрийн хугацаатай гал зогсоохыг зөвшөөрвөл Палестины ХАМАС хөдөлгөөн хариуд нь 50 хүүхэд, эмэгтэйчүүдийг суллахыг зөвшөөрч магадгүй гэж WSJ сонин өмнө нь Египетийн албаны хүмүүсийн хэлснийг эш татан мэдээлжээ. АНУ, Израил, ХАМАС бүлэглэл Газын зурваст байлдааны ажиллагааг тав хоногийн хугацаанд түр зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг суллах гэрээ байгуулахад ойрхон байна гэж The Washington Post  сонин эх сурвалжуудын мэдээллээс эш татан 11 дүгээр сарын 19-ний шөнө мэдээлсэн байна. Харин энэ мэдээллийг Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Адриен Ватсон үгүйсгэжээ. 








Холбоотой мэдээ