5.18 Ардчилсан хөдөлгөөний архивын газар түүхийн баримтаа ЮНЕСКО-д бүртгүүлсэн туршлагаа хуваалцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-28 12:20:03

Улаанбаатар 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монголын их хэлмэгдүүлэлтийн талаарх баримт материалууд, тухайн үед устаж үгүй болсон ноён хутагт Данзанравжаагийн соёлын үнэт өвөөс үлдэж, уламжилж ирсэн нэгээхэн хэсгийг ЮНЕСКО-гийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлэхээр төлөвлөж байна.


Түүхийн аливаа маргаан болон гал, ус гэхчлэн гэнэтийн гамшигт архив устаж үгүй болох эрсдэлтэй тул хэлмэгдүүлэлттэй холбоотой архив, баримт, материалаа бүртгүүлэх нь маш чухал ач холбогдолтой. БНСУ-ын Гванжу хотын Чоннам үндэсний их сургуулийн оюутнууд 1980 оны 5 дугаар сарын 18-нд цэргийн дэглэмээ эсэргүүцэн жагссаныг тус улсын зэвсэгт xүчин гал нээж, хүчирхийлэл үйлдэн, олон хүнийг хэлмэгдүүлэн, шоронд хорьж, амь насыг нь хөнөөсөн талаарх архив, баримт материалаа ЮНЕСКО-д бүртгүүлсэн туршлагатай. Хэлмэгдүүлэлт нь төрийн буруу үйл ажиллагааны үр дагавар, гэмт хэрэг гэж үзэн, дээрх баримтуудаа хуулийн шинжлэх ухааны судлагдахуун болгожээ. Төрийн бодлогоороо ардчиллын хөдөлгөөний түүхийн баримт материалыг түгээх, судалгааны эргэлтэд оруулах, хэлмэгдүүлэлт давтагдахаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаардаг байна.


Иймд Монголын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс БНСУ-ын 5.18 Ардчилсан хөдөлгөөний архивын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичигт Монголын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр, 5.18 Ардчилсан хөдөлгөөний архивын газрын захирал Хуан Ин Ха нар гарын үсэг зурлаа. Ийнхүү хамтын ажиллагааг эхлүүлснээр хоёр байгууллага туршлага солилцох, ардчиллын үнэт зүйлс, хүний эрхийг хамгаалахтай холбоотой бүх төрлийн үйл ажиллагаа хамтран зохион байгуулах, хилсээр хэлмэгдсэн хүмүүсийн тухай баримт материалуудыг судалгааны эргэлтэд оруулах, ардчилал, хүний эрх, энх тайвныг хөгжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой болж байгаа юм.


Тус архивын газарт ЮНЕСКО-гийн баримтат өвд бүртгүүлсэн түүхийн чухал баримт бичгийг хадгалдаг. Тухайлбал, ардчиллын хөдөлгөөнд оролцсон хүмүүст оноосон ялын тогтоол, тэдний мэдүүлэг, эмнэлэгт хүргэгдсэн, эмчилгээ хийсэн, нас барсан бүртгэл, өвчтөний тухай эмнэлгийн карт зэрэг 300 гаруй нэр төрлийн мэдээллийг файлд багтаасан байна. Мөн тус хөдөлгөөний үеэр баривчилгааг эсэргүүцсэн энгийн иргэдийн захиа, мэдэгдэл, янз бүрийн бүлгэмүүдийн хуудсууд, нас барагсдын шарилын хайрцгийг бүтээж байсан төрийн далбааг ч хадгалжээ.


5.18 Ардчилсан хөдөлгөөний архивын газрын захирал Хуан Ин Ха ярихдаа, “Түүхэн баримтыг хадгалах, хамгаалах, арчлах нь маш чухал тул архивтай болох санааг 2011 онд гаргаж, 2015 онд ажил хэрэг болж байгуулагдсан. Тухайн үеийн цэргийн Засгийн газраас ардчиллыг дэмжих сэргээх хөдөлгөөнийг гадны тагнуулын, дотоодын хагалан бутаргах зорилготой сөрөг хүчний явуулга гэх хуурамч мэдээг хэвлэл мэдээллээр маш их түгээсэн. Ард иргэд жинхэнэ бодит үнэнийг тогтоон, дэлхийд бүртгүүлснээр үнэн түүхийн баталгаа болно гэж үзэн ЮНЕСКО-д хандсан. Тус байгууллагаас энэ түүх бодит явдал, хүчирхийлэл болсныг бүртгүүлж болох зөвшөөрлийг 2011 оны 5 дугаар сард өгсөн. Энэ дагуу 9 нэр төрлийн болон хувь хүмүүсийн гарт байсан маш олон материал цуглуулж баталгаажуулсан юм.  Төр засгаас энэ үйл явдлыг төрийн гэмт хэрэг, хэлмэгдүүлэлт байсан нь үнэн гэдгийг 1988 оны Сөүлийн олимпын дараа хүлээн зөвшөөрч, ард иргэдээсээ уучлал гуйн, хүмүүсийг цагаатгаж, нөхөн төлбөр олгож эхэлсэн түүхтэй. Архивт хадгалж буй материалуудыг судалгааны эргэлтэд оруулж, хүн бүрд танилцах боломж олгох үүднээс дижитал хэлбэрт шилжүүлсэн байгаа.


Бид өнөөдөр хамтын ажилллагаа эхлүүлснээр ЮНЕСКО-д бүртгүүлсэн талаараа зааж, дадлага туршлагаа хуваалцана. Энэ нь манай архивын хувьд нэр төрийн хэрэг болоод зогсохгүй, Монголын ардчиллын тухай суралцах, юу болсныг нягталж, ижил төстэй талыг хамтран судлах, Монголын ардчиллын ололт амжилтыг үзэж болохоос эхлээд цаашдын харилцаа өргөжнө. Олон зүйл дээр хамтдаа нарийн уялдаа холбоотой ажиллана” гэлээ.


Монгол Улсын “Их хэлмэгдүүлэлт, улс төрийн хэлмэгдүүлэлт”-д тухайн үеийн төр засаг, нам, цэрэг арми, улс төрийн удирдлагад ажиллаж байсан, сэхээтэн олон хүн амиа алдан, зарим нь хийгээгүй хэргийнхээ төлөө шорон гянданд хилсээр хоригдож хохирсноос гадна лам хуврагууд ч олноор өртөж, Монголын шашин, соёлын төв болж байсан олон зуун сүм хийд устаж үгүй болсон билээ. Энэ үеэр шашин, уламжлалт анагаах ухаан, боловсрол, соёлын үнэт өв олноороо устгагдсан байдаг. Тухайлбал, ноён хутагт Данзанравжаагийн үлдээсэн өв соёлын 1500 гаруй авдар эд зүйлс 1930-аад оны үед байсан гэдэг. Түүний байгуулсан сүм хийдүүд Монголын шашин, соёлын төв болж байсан. Харамсалтай нь их хэлмэгдүүлэлтийн үед түүний бүтээсэн их өвийг устгаж, 3 сарын турш шатаасэн гэдгийг нутгийн иргэд ам дамжин хуучилдаг аж. Түүний энэ их өвөөс 64 авдрыг авч үлдсэн бөгөөд өдгөө найм дахь үеийн тахилч А.Алтан-Очир ноён хутагт Данзанравжаа хутагтын өв соёлыг үе дамжуулан хамгаалж, хадгалан уламжилж яваа билээ. 

Холбоотой мэдээ