ДОРНОГОВЬ: Цагаан дэлийн агуйг хамгаалах ажил тааруу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-30 15:03:41

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байдаг Цагаан дэлийн агуйг 2019 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Аймгийн байгалийн гайхамшгийн нэг гэгддэг тус агуй жоншны арвин нөөцтэй тул олз хайгчид агуйн амсрыг олон жилийн өмнө дэлбэлснээс үүдэж өнөөг хүртэл эл агуйг хуучин төрхөмд нь оруулж хамгаалж чадахгүй байна.


Сайншандаас 125 км, сумын төвөөс 25 км, Нард багийн төвөөс 10 км-т оршдог агуй нь баруунаас зүүн тийш 20 метр, хойноос урагш 45 метр, 12 метр орчим гүн, гар аргаар жонш олборлож байсан нүхнээс гэнэт эгц доошоо үүсэн гарсан. 1968 онд хайлуур жонш олборлож байсан 27 дугаар сувагт дэлбэрэлт хийх үед доргилтоор нурж нээгджээ. Анх орсон хүмүүс агуй дотор ус мөс, бүтнээрээ шахам байсан төдийгүй нохой шиг толгойтой том амьтан, өөр бусад амьтны яс маш их байсныг олж үзээд ШУА-д захиа бичиж судлахыг хүсэж байжээ.


Агуй малталтаас үүссэн газрын доод давхаргын амнаас доош 4-5 метр өргөн, 8-9 метр гүн буух тавцантай бөгөөд эргэн тойрон гэр хэлбэрийн хөндийтэй. Уг хөндийгөөс цааш тахиралдсан нарийн нүхтэй том дугариг гэр хэлбэрийн хөндийнүүд бий бөгөөд жилийн дөрвөн улиралд байнгын ус, мөстэй байдаг. Уг агуй нь улсад хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог төдийгүй дотроо том амьтны соёо, ханын сүг зураг байдаг бөгөөд бүрэн судлагдаагүй байгалийн сонин тогтоц бүхий газар юм.


Цагаан дэлийн агуйг 2006, 2010, 2013 онд сумын тусгай хамгаалалтад авч байсан бол байгалийн дурсгалт газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад 2011, 2014 онд авч байсан. Тус агуйн амыг засварлаж сэргээх гэтэл эргэн тойронд нь олгосон бусад компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл давхцдаг тул ажил хийхэд хүндрэл гардаг гэж сумын Засаг дарга С.Жаргалсайхан өгүүлэв.

Холбоотой мэдээ