БУЛГАН: Хотоо хөгжүүлэх видео контентын уралдаанд хүүхдүүд идэвхтэй оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-12-12 23:13:32

Булган, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Булган сумын Засаг даргын Тамгын газар  сумын ИТХ-тай хамтран ахлах ангийн сурагчдын дунд “Ирээдүйн Булган хотын эзэд” видео контент бүтээх уралдааныг цахимаар зохион байгуулж, иргэдийн хандалтаар нийгэмд хэрхэн нөлөөлж буйгаар нь шалгаруулсан байна.


Ирээдүйн Булган хотынхоо хөгжлийн төлөө нийт 9 баг өрсөлдөж, Булган аймгийн түүхийн дурсгалт газар, Хүүхдийн хүмүүжил төлөвшил, ах захаа хүндэтгэх соёл, ирээдүйд нутагтаа ирж амьдрах зорилго тэмүүлэл, Булган сум яагаад хөгждөггүй шалтгаан зэргийг харуулсан 3-5 минутын видео контент бэлдэж ирүүлжээ. Бүтээлүүд 5604 like, 117500 share, 1555 санал талархал авч, хэрэглэгчдийн нийгмийн соёлд үнэтэй хувь оруулсан байна.

Булган хотын ирээдүйн эзэд хүүхэд багачууд хотын соёлын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдийн хандлагыг би биш бид болгох, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, иргэндээ ээлтэй, ажил орлоготой, ногоон хөгжилтэй, амар тайван, цэвэр орчинд амьдрах хэв маягийг дадал болгохын төлөөх зорилго бүхий уг уралдаанд идэвхтэй оролцож, мэдлэг оюунаа сорьжээ.


Уралдааны тэргүүн байрт "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн Д.Цэрэнтогтох багштай 10а ангийн 1-р баг, дэд байрт "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн Н.Солонго багштай 8в анги, гуравдугаар байрт Спортын төрөлжсөн сургалттай ЕБС-ийн Б.Батцэцэг багштай 11а анги тус тус шалгарсан байна.






Холбоотой мэдээ