Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ой тохионо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-28 17:42:14

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ой тохионо. Энэ өдрийн ойн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.  


Богд хаант Монгол Улсын төрийн дуулал “Зуун лангийн жороо луус” дуу эгшиглэж, Соёмбот тугийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан Цогчэн дуганд 11.00 цагт ёслол хүндэтгэлтэйгээр залснаар ойн үйл ажиллагаа эхэлнэ.


Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийн мэндчилгээг Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр дэвшүүлнэ. Мөн “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үйл явдал” сэдвээр Залуу Монгол судлаачдын нийгэмлэгийн судлаач, СУИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Энхбаатар илтгэл тавих юм.

  • 11.20-13.30 цагт мөн Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд Богдын дончод, Цагийг тохинуулах залбирал “Жанловцогзолма” лам хувраг сүсэгтэн олон хамтаар хурж, “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолд лам нарын оруулсан хувь нэмэр” сэдвээр Да лам Х.Бямбажав айлдвар айлдана.
  • Энэ өдөр  Богд хааны ордон музейд Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд Ламын чодба хурж, Цогчод өргөн,  VIII Богд Жэвзүндамба хутагтын сэрэг дүрд мандал, хадаг өргөнө.
  • 11.20-11.30 цагт Богд хааны ордон музейн “Үнэт өв” үзэсгэлэнд Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж нээлтийн үг хэлнэ.
  • Монголын Бурхан шашинтны төвийн Тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын гишүүн хийдүүд энэ өдрийн өглөөний 08.00 цагаас 12 сарын 30-ны 13.00 цаг хүртэл Цагийг тохинуулах залбирал “Жанловцогзолма” цахимаар хурна.




Холбоотой мэдээ