ДОРНОГОВЬ: Их нартын байгалийн нөөц газрын менежментийн төлөвлөгөөг баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-02 12:50:00

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын нутаг дэвсгэрийг хамарсан Их нартын байгалийн нөөц газрын 2024-2028 оны менежментийн төлөвлөгөөг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны хуралдаанаар баталжээ.


Хоёр сумын нутаг дэвсгэрийг хамарсан нийт 66,592.00 га талбайг Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны 43 дугаар тогтоолоор Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байсан. 2013 оноос Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, “Аргаль агнуур судлалын төв” төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан хамгаалалтын менежментийг хариуцан ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 оноос Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа үргэлжлүүлэн хариуцаж ирсэн байна.


Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа нь судалгааны хөтөлбөр, менежментийн үйл ажиллагааг Америкийн Нэгдсэн Улсын Денверийн Зоологийн сан, тусгай хамгаалалттай газрын эгч дүүгийн холбоотой Анза Боррего цөлийн парктай хамтран тогтвортой хэрэгжүүлж ирсэн туршлагатай бөгөөд “Их нартын байгалийн нөөц газрын менежментийг 2012-2017 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г нийт долоон зорилго 103 үйл ажиллагааг 97 хувьтай гүйцэтгэж хангалттай гэж үнэлсэн байдаг аж.


“Их нартын байгалийн нөөц газрын менежментийн 2024-2028 оны төлөвлөгөө”-г “Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөлтийн арга зүй”-г ашиглан Америкийн Нэгдсэн Улсын Денверийн зоологийн сан, Анза-Боррего сан, Монголын “Аргаль агнуур судлалын төв”, “Их нартын менежмент” зэрэг төрийн бус байгууллага, Улаанбаатарын их сургуулийн биологийн тэнхим, Шинжлэх ухааны Археологийн хүрээлэн, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн биологийн тэнхимтэй хамтран дахин боловсруулж, зургаан зорилгын хүрээнд 142 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг менежментийн төлөвлөгөөтэй байж болохоос гадна төлөвлөгөөг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” гэж заасан байдаг аж. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт буй Их нартын байгалийн нөөц газар нь манай орны говь хээрийн бүсийн аргаль янгирын үржиж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг юм.

Холбоотой мэдээ