Америк хүү "Тетрис" тоглоомыг дуусгасан анхны тоглогч болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-04 15:38:49

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 4 /CNN/. АНУ-ын Оклахома муж улсад амьдардаг 13 настай хүү Виллис Гибсон өмнө нь боломжгүй хэмээн тооцогдож байсан "Тетрис" тоглоомыг дуусгаж дээд амжилт тогтоожээ.


Тодруулбал, 13 настай хүү уг тоглоом гарснаас хойш 40 орчим жилийн дараа 157 дугаар үед хүрсэн анхны тоглогч боллоо. “Би ухаан алдах гэж байна. Хуруунуудаа мэдрэхгүй байна” гэж Виллис тоглоомыг дуусгасныхаа дараа хэлж буй бичлэгээ YouTube-д байршуулжээ. 


Тэрбээр 38 минутын дотор 157 дахь үед хүрсэн байна. Энэ үеийг давсны дараа блокууд дахиж унахгүй, дэлгэц гацаж байгаа нь бичлэг дээр харагдаж байх аж. Тетрисийг Зөвлөлтийн инженер Алексей Пажитнов 1984 онд бүтээсэн бөгөөд тэрбээр "би өөрөө Тетрист донтсон” гэж 2019 онд CNN сувгаар ярьж байв.


Одоогийн байдлаар Тетрисийн 200 гаруй албан ёсны хувилбарыг 70 гаруй систем дээр гаргасан бөгөөд дэлхийн дээд амжилт тогтоож Гиннесийн номд бичигджээ. Hewlett Packard-ийн өнгөрсөн оны тайлангаас үзвэл, 2006 онд Electronic Arts компаниас гаргасан гар утасны хувилбар нь 100 сая удаа зарагдаж, бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай гурав дахь видео тоглоом болжээ.


Гибсон хүү өнгөрсөн онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн байна. Тэрбээр тоглоомчдын дунд дээд амжилтыг эвдсэн бол 2021 онд хиймэл оюун ухаан (AI) Тетрисийн 236 дугаар үед хүрч байжээ. 



Холбоотой мэдээ