СЭЛЭНГЭ: П.Даваажаргал: Нэгтгэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх нь эдийн засгийн хөгжилд томоохон дэвшил болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-05 12:35:07

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн удирдлагын багаас хөдөө аж ахуйн салбар тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйг газар тариалангийн салбартай хоршин хөгжүүлж, хөрсөө хамгаалах, байгальд ээлтэй ногоон технологийг бий болгох. Мөн эко бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, логистик сүлжээ бий болгож, орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэх замаар аймаг, орон нутгийнхаа хөгжлийг хурдасгахаар хөгжлийн чиг хандлагаа тодорхойлон ажиллаж байна.

 

Энэ ч үүднээс өнгөрсөн оны 11 дүгээр сард нийслэл хотноо “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагааны хүрээнд "Сэлэнгийн ирээдүй-Тогтвортой ногоон хөгжил" төр, хувийн хэвшлийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Энэхүү үйл ажиллагааны үеэр "Новелист Тайм" ХХК-ийн захирал, МҮХАҮТ-ын /Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим/-ын дэргэдэх бизнес академийн чиглүүлэгч багш П.Даваажаргал Сэлэнгэ аймагт “Агро эко туризм” хөгжүүлэх бүрэн боломжтой хэмээсэн юм.  

 

Ингээд түүнтэй уулзаж товч тодруулга авснаа хүргэе.

 

-Таны тавьсан илтгэлд Сэлэнгэ аймагт “Агро эко туризм” хөгжүүлэх бүрэн боломжтой. Мөн газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалыг нэгтгэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх нь эдийн засгийн хөгжилд томоохон дэвшил болно гэлээ. Энэ талаар тодруулж өгнө үү?

-"Алсын хараа-2050", Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засаг болон бүс нутгийн хөгжлөөрөө Сэлэнгэ аймаг Монголын эдийн засгийг бүрдүүлэгч томоохон аймгуудын нэг. Үүний үндсэн дээр Сэлэнгэ аймагт хамгийн том давуу тал нь хөрс. Иймээс тус аймгийн онцлог нь эрчимжсэн МАА, газар тариалан, аялал жуулчлал.  

Мэдээж энэ дундаас голчлоод юу вэ гэхээр сүүлийн үеийн олон улсын туршилтаас харахад агро эко туризм гэдэг зүйл гарч ирж байгаа. Тэгэхээр эдгээр 3 зүйлсээ нэгтгээд нэг тийм бүсчилсэн нутаг болгоод эдийн засгийн томоохон хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой гэж харж байгаа юм.

 

-Яг өнөөдрийн түвшинд Сэлэнгэ аймагт агро эко туризмыг хэрхэн хөгжүүлж болмоор байгаа талаараа?

-Одоо яг агро эко туризм гэхээр, өнөөдөр аялал жуулчлал манай улсад маш том түгээмэл салбар болж байна. Тэгвэл эдгээр салбараас орон нутагтаа, монгол дотроо ч юм уу эсвэл гаднаас аялал хийлээ гэж бодоход яг тухайн тэр газраа Сэлэнгэ аймгийн үзэсгэлэнт байгаль дунд аялал хийх зуураа тэр эрчимжсэн МАА дээр очоод хэрхэн яаж үнээ сааж байна, мал маллах арга туршлагыг харж болно. Мөн гахай, зөгийн гээд маш олон фермүүд дээр очоод үйл ажиллагааг нь сонирхож, ажиллангаа аялж бас болно.

 

Туршлагуудаас нь суралцаж, судалж болно. Бас газар тариалан байна. Дэлхий дээр маш олон төрлийн 100 гаруй төрлийн ногоо ургадаг юм билээ. Өнөөдөр боломжтой ургаж байгаа нь 30-40 төрөл байна. Тэгэхээр бид ердөө 30-40 хувийг нь л ашиглаж чадаж байна гэсэн үг.

 

Тиймээс тэр үлдсэн 60-70 хувийг ашиглаж болох бүрэн боломж, нөөц, туршлага байна. Үүн дээр олон улсын туршлага буюу агро эко туризм гэдэг зүйлийг ашиглаад явах бүрэн боломжтой.

 

Мэдээж энэ маань өөрөө технологийн инновац гэдэг зүйлийг давхар ашиглаад явна гэсэн үг.

-Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ