Peregrine аппарат Саран дээр газардах боломжгүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-01-10 10:19:56

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 10 /BBC/. Америкийн “Peregrine” буугч модуль Саран дээр зөөлөн газардах “магадлал үгүй” болсон тухай уг төхөөрөмжийг зохион бүтээсэн “Astrobotic Technologies” компани мэдээлжээ. 


Түлш алдагдсан нь Саран дээр бууж чадахгүй болсны гол шалтгаан юм. 


Хэдийгээр тус компани нарны зайгаа цэнэглэхийн тулд Нар луу чиглүүлэх маневрыг амжилттай гүйцэтгэсэн гэж өмнө нь мэдэгдсэн боловч сүүлд мэдээлэхдээ, "Peregrine"-ий хөдөлгүүрүүд 40 цагаас илүү ажиллах боломжгүй гэжээ.


“Одоо бидний зорилго бол Нар луу чиглэсэн одоогийн байрлалаа алдахгүй байж чадсанаар "Peregrine"-ийг Сар луу аль болох ойртуулах явдал юм. Бид түүний ажиллагааг уртасгахаар ажиллаж байна" гэж "Astrobotic Technologies"-ийн төлөөлөгчид мэдэгдлээ. 


"Peregrine" буугч төхөөрөмжийг “Vulcan” зөөгч пуужингаар Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас даваа гарагт хөөргөсөн юм. Уг төхөөрөмжийг хоёрдугаар сарын 23-нд Сарны гадаргуу дээр газардуулахаар төлөвлөөд байв. 


Шатахууны нөөц бүрэн дууссаны дараа модуль нарнаас зайгаа цэнэглэж чадахгүй болж, эрчим хүчээ хурдан алдах болно гэж "Astrobotic Technologies"-ийн мэргэжилтнүүд үзэж байна.


Америкийн сансар судлалын НАСА агентлаг Сарны гадаргууг судлах зориулалттай таван багаж хэрэгслээ уг төхөөрөмжийн хамт илгээсэн юм. НАСА энэ арван жилийн сүүлчээр Сар луу сансрын нисгэгчдийг илгээхээр төлөвлөж байна.


"Astrobotic" компани НАСА-тай байгуулсан төр-хувийн хэвшлийн шинэ түншлэлийн хүрээнд энэ онд Сар луу буугч төхөөрөмж илгээх Америкийн гурван компанийн эхнийх нь юм. Нийтдээ энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2024 онд Сар луу зургаан аппарат илгээхээр төлөвлөж байна.


Хувийн компаниудтай байгуулсан шинэ түншлэл нь цаг хугацааны явцад илүү их инновацыг бий болгож, зардлыг бууруулна гэж НАСА үзэж байна. Тус агентлаг мөн хөтөлбөрийн зарим нь амжилтгүй болохтой эвлэрнэ гэдгээ мэдэгджээ.


"Vulcan" зөөгч пуужинг "United Launch Alliance" компани "Boeing", "Lockheed Martin" компаниудтай хамтран бүтээсэн бөгөөд түүнийг ашиглан анх удаа сансрын төхөөрөмж хөөргөсөн байна. 

Холбоотой мэдээ