Шинэ оны сайн мэдээ – зэсийн үнэ 57-77 хувиар өснө

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-01-11 17:25:48

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Айлчлан ирж буй шинэ оны эхний өдрүүд монголчууд бидэнд таатай сайхан мэдээг дуулгалаа. Учир нь, манай улсын экспортын орлогын багагүй хувийг бүрдүүлдэг зэсийн үнэ огцом өсөж, 2025 он гэхэд нэг тонн нь 15 мянган долларт хүрнэ гэсэн таамгийг дэлхийн банк санхүүгийн голлох байгууллагууд, шинжээчид дэвшүүлжээ.


Гэтэл өнөөдрийн байдлаар, Лондонгийн металлын биржид 2 дугаар сард нийлүүлэх зэсийн фьючерс хэлцлийн үнэ 8445 доллар, Шанхайн биржид 9500 доллар байгаа атал ганцхан жилийн дотор ханш 57-77 хувиар өснө гэж “хэт зоригтой” таамаглаж байгаад гайхаж буй хүмүүс олон бий. Гэхдээ ийм таамаглалыг дэвшүүлэхээс аргагүй хэд хэдэн нөхцөл байдал үүсээд байгаа ажээ.


Үнэ өсөх үндсэн шалтгаанууд


Юуны түрүүнд, өнгөрсөн оны сүүлчээр Дубайд болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын COP28 бага хурлын үеэр 60 гаруй улсын төлөөлөгчид 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг 3 дахин өсгөх төлөвлөгөөг дэмжсэн нь зэсийн үнэ огцом өснө гэх таамаглалыг дэвшүүлэхэд хүргэснийг Citibank онцоллоо.


Мөн Fitch Solutions компанийн 12 дугаар сарын тайланд дурдсанаар, сэргээгдэх эрчим хүчний салбарт асар том зорилт дэвшүүлсэн нь 2030 он гэхэд зэсийн эрэлтийг 4,2 сая тонноор нэмэгдүүлэхээр байна. Тус компанийн судалгааны салбар болох BMI-ийн таамагласнаар, ногоон эрчим хүчинд шилжсэнээс үүдэн зэсийн хэрэглээ өснө, 2024 оны хоёрдугаар хагаст долларын ханш суларна гэсэн хүлээлтүүд бий болсноор зэсийн үнэ өснө.


АНУ-ын Холбооны нөөцийн сан 2022 оны 3 дугаар сараас хойш 10 удаа дараалан бодлогын хүүгээ өсгөсний эцэст өнгөрсөн оны сүүлчээр хүүг хэвээр үлдээж, улмаар энэ онд бууруулах төлөвтэй байгаа нь долларын ханшийг сулруулж магадгүй юм.


Үүний сацуу сүүлийн жилүүдэд экологийн шаардлагууд улам чангарч байгаа учраас бензин, дизелийн түлшээр ажилладаг автомашинаас татгалзах үйл явц эрчимжиж, цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдсэнээр /2023 онд 31 хувиар өссөн/ зэсийн эрэлт ирэх жилүүдэд өсөх нь гарцаагүй. Жишээ нь, нэг цахилгаан автобус үйлдвэрлэхэд 300 кг зэс ордог бол цахилгаан автомашин үйлдвэрлэхэд ердийн автомашинтай харьцуулахад 3 дахин их зэс шаардлагатаай ажээ. Мөн 1 мегаваттын хүчин чадалтай нэг салхин сэнс үйлдвэрлэхэд 9 тонн зэс ордог гэх мэт.


Цэнэг хураагуур, цахилгааны кабель утас зэрэг бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг  хамгийн сайн дамжуулагч металлуудын нэг болох зэсийг хаанаас, хэрхэн олж авах вэ гэсэн асуудал дэлхий дахинд хурцаар тавигдах боллоо. Хангалттай хэмжээний зэс олборлохгүй бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрт зааснаар эрчим хүчний шилжилтийг хийх ямар ч боломжгүй гэдэг нь тодорхой.


Ийм нөхцөлд зэсийн уурхайнуудыг олноор нээхгүй бол ирэх 10 жилд зэсийн эрэлт хэрэгцээ нийлүүлэлтээсээ давна гэдэгт зэсийн салбарын шинжээчид санал нэгтэй байна.


Тэгэхээр яг одоо үүсээд буй бодит шалтгаануудыг дурдая.


Bloomberg агентлагийн үзэж байгаагаар, үнэ огцом өсөхөөр байгаа нь дэлхийн зах зээлд нийлүүлж буй зэсийн 1,5 хувийг олборлодог Панамын Cobre Panama зэсийн уурхай хаагдаж магадгүй байгаатай холбоотой. Уг уурхайг Канадын First Quantum Minerals компани худалдан авсан нь панамчуудад таалагдаагүй бөгөөд тэд уурхайн тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийг тасалдуулж, тус улсын  хамгийн том тэнгисийн боомтод нэвтрэх гарцыг хааж, Канадын компанитай байгуулсан гэрээг цуцлахыг шаардсаар байгаа юм.  


Үүний сацуу томоохон олборлогчдын нэг болох Anglo American компани 2024 ба 2025 онуудад олборлолтоо бууруулж, зардлаа хэмнэхээр төлөвлөжээ.


Мөн дэлхий даяар жилд хэрэглэж буй зэсийн 30 орчим хувийг дангаараа олборлодог Чили ба олборлолтоор дэлхийд 2 дугаарт ордог Перуд /10%/ олборлолт нэмэгдэхгүй гэдэг нь үндсэндээ тодорхой боллоо. Тодруулбал, Чилид явагдаж буй татварын шинэчлэл нь зэсийн уурхайнуудад ногдох татварын ачааллыг эрс нэмэгдүүлэхээр байгаа тул компаниудын хувьд шинээр орд газрууд нээхийн тулд хөрөнгө оруулалт хийх боломж хязгаарлагдмал болжээ.

Энэ мэт шалтгаанаас үүдэн 2024 онд дэлхий даяар зэсийн олборлолтын өсөлт удааширч, 2,5 хувь байх төлөвтэй.


Гэтэл энэ бүхэнтэй зэрэгцээд Хятад улсад зэсийн хэрэглээ өсөх төлөвтэй байна. Дэлхий даяар олборлож буй зэсийн тал хувийг хэрэглэдэг Хятадын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээснээр зэсийн импорт огцом өсөх магадлал өндөр болжээ.


Голдман Саксын эдийн засагчид Хятадад зэсийн эрэлт өссөнийг тус улсад нарны цахилгаан станцыг олноор барьж буйтай холбон тайлбарлаж байна. Зөвхөн 2022 онд гэхэд Хятадад 125 ГВт хүчин чадал бүхий 125 нарны ба салхин цахилгаан станц баригдсанаар ийм төрлийн эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийт суурилагдсан хүчин чадал 758 ГВт-д хүрч, Хятадын эрчим хүчний нэгдсэн системд 29,5 хувийг эзэлж байна.


Зэсийн наймаачид ирээдүйд эрэлт ямар байх вэ гэдгийг тодорхойлохын тулд Хятадын үйлдвэрлэлийн гол индекс болох Caixin-г анхааралтай ажигладаг. Өнгөрсөн 2023 оны 12 дугаар сард 50.8 байсан уг индексээр баримжаалан тооцоолбол Хятадын ДНБ 2023 онд 5,3 хувиар өссөн нь дэлхийн хоёрдахь том эдийн засаг цар тахлын нөлөөллөөс аажмаар гарч буйг харууллаа. Олон удаагийн хөл хорионы улмаас 2022 онд тус улсын эдийн засаг ердөө 3-хан хувиар өссөн юм. Хятадын эдийн засгийн өсөлт  хүлээлтээс доогуур байгаа хэдий ч түүхий эдийн эрэлт, ялангуяа зэсийн эрэлт нэмэгдсээр байна.


Wood Mackenzie компанийн шинжээчдийн тооцоолсноор, 2030 он гэхэд зах зээлд 6 сая тонн зэс дутагдах төлөвтэй байгаа тул шинээр 20 уурхай, эсвэл Оюу Толгой шиг 12 том уурхайг нээх шаардлагатай болно. Гэтэл ийм боломж огт харагдахгүй байна. Тухайлбал, 2023 онд гэхэд Оюу Толгойгоос гадна Чилид ганцхан уурхай нээгдсэн. Учир нь, компаниуд шинээр орд илрүүлэхэд хөрөнгө оруулах сонирхолгүй байгаа нь элдэв эрсдэлээс болгоомжилж байгаагаас үүдэлтэй.  Тухайлбал, зэсийн уурхай нээх зөвшөөрөл авах, уурхайг ашиглалтад оруулахад 10-20 жилийн хугацаа шаардагддаг тул бизнес эрхлэгчид залхан няцаж байгаа бололтой.  


Харин зэсийн нөөц хангалттай байгаа бөгөөд геологичдийн хийсэн таамаг судалгаагаар дэлхий дээр онолын хувьд 5,6 тэрбум тонн нөөц байх боломжтой. Үүнээс хайгуул хийж нөөцийг нь тогтоосон, олборлолт хийхэд эдийн засгийн хувьд ашигтай ордуудын нөөц 880 сая тонн байгаа ажээ. Гэтэл шинээр уурхай нээх төслүүд маш цөөхөн байна. 2017-2021 оны хоорондох 5 жилийн хугацаанд ердөө хоёрхон том уурхай ашиглалтанд оржээ.


Үнийн өсөлтийн өгөөж Монголд


Цар тахлын дараа дэлхийн эдийн засгийн өсөлт хүссэн хэмжээнд хүрэхгүй удааширч буй энэ үед манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ 60-70 хувиар огцом өсөх төлөвтэй байгаа нь засгийн газраас баталсан “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлэх нь лавтай.


Ялангуяа Оюутолгойн далд уурхай 2023 оны эхний улиралд ашиглалтад орж, тогтвортой олборлолт явуулж эхэлсэн энэ үед зэсийн үнэ 10 мянгаас давж, улмаар 15 мянгад хүрэх төлөвтэй байгаа нь монголчуудын хувьд тун сайн мэдээ.


Ойрын жилүүдэд Оюутолгойн ил ба далд уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд хагас сая орчим тонн зэс /баяжмал хэлбэрээр/ олборлон экспортлох ба үүн дээр Эрдэнэтийн зэсийг нэмбэл 600 мянган тонн болно. Энэ нь дэлхий даяар жилд олборлож буй зэсийн 2-оос дээш хувийг эзэлснээр Монголын зэс дэлхийн зах зээлд жин дарж эхлэх болно.

Харин Монгол Улсын 2024 оны төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 7386 ам.доллар/тонн байхаар тусгасан нь “тун даруухан тоо” юм.


Энэ 2024 онд дэлхийн зах зээл дэх зэсийн ханш тооцоолсноос өндөр байж, Оюутолгой, Эрдэнэтээс орж ирэх орлогын хэмжээ төлөвлөснөөс давах дүр зураг харагдаж байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгахад нөлөөлөх чухал хүчин зүйл мөн. Тодруулбал, зэсийн ханш 15 мянгад хүрснээр зэсийн баяжмалын экспортоос /АМНАТ болон бусад татвараар/ улсын төсөвт орох орлогын хэмжээ нүүрсний салбарын орлогоос давах төлөвтэй байна.  Жишээ нь, зэсийн ханш 7500 доллар байх үед улсын төсөвт зэсээс орох орлогын хэмжээг 1 их наяд 700 тэрбум төгрөгөөр тооцож байв.


Ер нь ойрын хэдэн жилд манай улсын эдийн засгийн өсөлт дунджаар 6-гаас дээш хувьтай байна гэсэн таамаглал бий. Үүнд аж үйлдвэрийн гол металл болох зэсийн ханшийн өсөлт таатай нөлөөлөл үзүүлэхээр байна.

Холбоотой мэдээ