БАЯНХОНГОР: Шинэ үндсэн хуулийг батлалцахад Баянхонгор аймгаас нийт 21 депутат оролцож байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-12 10:21:51

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсны 32 жилийн ой энэ сарын 13-нд тохионо. Шинэ үндсэн хуулийг батлалцахад Баянхонгор аймгаас нийт 21 депутат оролцож байснаас өдгөө долоон депутат амьд сэрүүн, энх тунх аж төрж байна.


Монгол Улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрөөр аймгийн удирдлагууд депутатуудын төлөөлөлд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

1992 онд Үндсэн хуулийн төслийг Монгол Улсын анхны байнгын парламент болох Улсын Бага Хурал боловсруулж, бүх ард түмнээс санал авсны үндсэн дээр БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат, Ардын Их Хурлын чуулганаар 76 хоног хэлэлцэж баталсан нь Монгол Улсад эрх зүйн шинэчлэл хийх шинэ Үндсэн хуульдаа нийцүүлэн бусад салбар хуулиудаар хүний эрхийг илүү баталгаажуулж өгөх боломж нээгдсэн байдаг.


Тэгвэл энэхүү Үндсэн хуулийг илүү сайжруулж эрх зүйт иргэн төрийн харилцааг илүү бэхжүүлэх үүднээс шинэ Үндсэн хуульдаа Монгол Улсын Их Хурал 2019 оны 11-р сарын 14-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан баталж, улмаар 2020 оны 5-р сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн билээ.


Тухайн үеийн Ардын Их Хуралд 2000 гаруй хүн өрсөлдөж, 430 депутат сонгогдож байсан бөгөөд дийлэнх нь сум нэгдлийн дарга нар байжээ. 430 депутатаас ес нь эмэгтэй байсан бөгөөд их эмч, сэтгүүлч, малчин, нийтийн хоолны мэргэжилтэн бүсгүйчүүд байсан байна. Хэдийгээр цөөхөн бүсгүй хүн байсан ч Үндсэн хуулийн өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн дуу хоолой, үзэл санааг тусгахад тэдний үүрэг оролцоо өндөр байсныг өдгөө дурсдаг.

Холбоотой мэдээ