Инфляц буурсан ч хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-01-16 15:05:13

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 7.9 хувиар өссөн талаар ҮСХ-ноос мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн сард Улаанбаатар хотод барааны бүлгийн үнэ 8.4 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.4 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 7.2 хувиар тус тус өсжээ.


Иргэдийн өргөн хэрэглэдэг бараа, үйлчилгээний үнийг бүрдүүлдэг жагсаалтаас хүнсний бүлгийн үнэ хамгийн их буюу 12 хувиар нэмэгдсэн байна. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны эцэст 13.2 хувь байсан бол 2023 оны 12 дугаар сард 7.9 хувь болж өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс 5 нэгж хувиар буураад байгаа юм. 7.9 хувийн 3.3 нэгж хувь нь хүнсний бараа бүтээгдэхүүний ундаа, усны бүлгийн үнийн өсөлт эзэлж байна.


Мөн мах, махан бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 16 хувиар өсжээ. Үүнд үхрийн махны үнэ 14 хувь, хонь, ямааны махны үнэ 16 хувиар, адууны махны үнэ 11 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Талх, гурил, будааны бүлгийн үнэ 14 хувиар өссөн дүнтэй байна. Тодруулбал, будааны үнэ 9.1 хувь, гурил 20, талх, нарийн боовны үнэ 14, гоймонгийн үнэ 12 хувиар өсжээ.


Нийслэлд худалдаж буй үхрийн цул махны дундаж үнэ кг нь 18.218 төгрөг болсон нь 2021 оны мөн үеийнхээс 18 хувиар, 2022 оны 12 дугаар сараас 17 хувиар өсөж иржээ. Нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ өнгөрсөн сард 2426 төгрөг байгаа нь 2021 оны 12 дугаар сараас 75 хувь, 2022 оны эцсээс 16 хувиар, өнгөрсөн сарынхаас 15 төгрөгөөр өсжээ.

Холбоотой мэдээ