НАТО Ази руу тэлэх төлөвлөгөөгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-01-17 15:29:16

ДАВОС, 2024 оны нэгдүгээр сарын 17 /RT/. НАТО бүс нутгийн эвсэл хэвээр байх бөгөөд Ази руу тэлэхгүй, гэхдээ энэ бүс нутагт болж буй үйл явдалд хариу арга хэмжээ авах ёстой гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр мэдэгдэв.


"НАТО бол Атлантын далай дамнасан эвсэл, Та бүхний бодол зөв, бид бүс нутгийн эвсэл хэвээр байх болно. Гэхдээ Атлантын далай дамнасан орон зайд аюул заналхийлж байна, аюулгүй байдал бол бүс нутгийн асуудал биш дэлхийн хэмжээний асуудал байдаг. Азид юу болох нь харин ч эсрэгээрээ Европын хувьд маш чухал" гэж тэрбээр хэллээ. "Энэ бол НАТО-гийн Ази руу хийж буй нүүдэл биш, гэхдээ Хятад улс манай үүд хаалга руу ойртож байгааг бид анзаарах ёстой" гэж Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэв.


Столтенбергийн хэлснээр, НАТО-гийн хувьд Хятадыг дайсан гэж үзэхгүй байгаа боловч "Хятадын цэргийн хүчин чадалд, мөн илүү дэвшилтэт цөмийн зэвсэгт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт, Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутаг дахь тус улсын үйл ажиллагаа, ардчилал, хууль дээдлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэрэг НАТО-гийн үндсэн зарчмуудыг хэрхэн зөрчиж байгаад дасан зохицох ёстой".


Дэлхийн эдийн засгийн чуулганы 54 дэх удаагийн хурал Давос хотноо нэгдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд "Итгэлцлийг эргэн сэргээе" уриан дор болж байна.  Энэ удаагийн чуулганд 120 гаруй орны 2 800 орчим төлөөлөгч оролцож байна. 


Дэлхийн эдийн засгийн форум бол Швейцарын төрийн бус байгууллага бөгөөд жил бүр хуралдаж, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцдэг.



Холбоотой мэдээ