ӨВӨРХАНГАЙ: Аргаль, янгир, буга зэрэг ховор амьтдад өвс, хужир тавьж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-01-18 10:06:39

Арвайхээр, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас аргаль, янгир, халиун буга зэрэг байгалийн ховор амьтдад өвс, хужир тавьж өгөх ажлыг сумдын ЗДТГ, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагчидтай хамтран зохион байгууллаа.

Агнуурын бүс нутагт биотехникийн арга хэмжээ авах уг ажлын хүрээнд 15 сумын 94 цэгт 5000 боодол өвс, найман тонн хужирыг тавьж өгчээ.



Өвөрхангай аймгийн хувьд Есөнзүйл, Бүрд, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Нарийнтээл, Хайрхандулаан суманд халиун буга, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Богд, Гучин-Ус, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан, Хайрхандулаан, Есөнзүйл, Төгрөг, Хархорин, Уянга суманд аргаль хонь, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Бат-Өлзий, Богд, Төгрөг, Уянга, Сант зэрэг суманд янгир ямаа тархан байршдаг аж.



Амьтны тухай хуулиар таван жил тутамд аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгааг хийхээр заасан байдаг. Энэ дагуу Өвөрхангай аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгаа, 2024-2028 онд хэрэгжүүлэх ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг “Авралын эрэлд” ХХКар 2023 онд гүйцэтгүүлсэн байна. 

Холбоотой мэдээ