ДУНДГОВЬ: “Ахмадад ээлтэй баг, байгууллага”-ыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-25 17:46:58
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ахмадын хорооноос 2023 оны “Ахмадад ээлтэй сум, баг, байгууллага”-ыг  шалгаруулжээ.


Тус аймгийн Засаг даргын захирамжийн дагуу жил бүр ”Ахмадад ээлтэй сум, баг, байгууллага“-ыг 10 шалгуур үзүүлэлтээр шалгаруулж, шагнаж урамшуулдаг бөгөөд 2023 онд ”Ахмадад ээлтэй байгууллага“-аар Өндөршил сумын Соёлын төв, аймгийн Цагдаагийн газар,  Эрдэнэдалай сумын 10 жилийн сургууль, “Ахмадад ээлтэй баг”-аар Эрдэнэдалай сумын Өнгөт, Сайнцагаан сумын Далай баг тус тус шалгарчээ.


Өндөршил сумын Соёлын төв нийт хэрэгжүүлбэл зохих шалгуур үзүүлэлтээс нэг шалгуурыг 95 хувь, бусдыг нь 100 хувь ханган 4.98 оноо авсан бол аймгийн Цагдаагийн газар 3 шалгуур үзүүлэлтийг 100 хувь, 7 үзүүлэлтийг 90-99 хувиар хангаж, 4.81 оноо, Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургууль нэг шалгуурыг 100 хувь, бусад үзүүлэлтийг 90-99,4 хувиар хангаж, 4.53 оноогоор “Ахмадад ээлтэй байгууллага” болжээ.


Харин Эрдэнэдалай сумын Өнгөт баг хэрэгжүүлбэл зохих 7 шалгуур үзүүлэлтийг 84-100 хувиар хангаж, 4.6 оноо авсан бол Сайнцагаан сумын Далай баг дээрх шалгуурыг 87,6-100 хувиар хангаж, 4.73 оноогоор “Ахмадад ээлтэй баг” болсон байна.


Аймгийн Цагдаагийн газар 60 ахмадтай. Тус байгууллага жил бүр Ахмадын баяр, Цагаан сараар ахмадуудадаа хүндэтгэл үзүүлж, “Ахмадын сан” байгуулан 17828,0 мянган төгрөгийн хуримтлал үүсгэсэн бөгөөд үе үеийн ахмадуудын түүх, алдрыг мөнхжүүлсэн 600 гаруй үзмэр бүхий "Түүхэн алдар танхим"-ыг байгуулж, ахмадуудад 7 хоног бүрийн нэг өдөр байгууллагынхаа спорт заал, бялдаржуулах танхимыг чөлөөлж спортоор хичээллэх боломжийг бүрдүүлдэг зэрэг олон талт ажлыг зохион байгуулж байна.


Өндөршил сумын Соёлын төв 30 ахмадтай. Тус байгууллага ахмадуудаа жилд 2-3 удаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг бөгөөд Ахмадын баяраар 1-2 ахмадын алдрыг тогтмол тэмдэглэн, тэдний  хийж бүтээсэн энэрэнгүй үйлсийг мөнхжүүлдэг байна. Түүнчлэн ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, залуу  хойч үеийнхэнд ахмадуудын ажил, амьдралын баялаг туршлагыг өвлүүлэх, залгамж холбоог бэхжүүлэхэд санаачилгатай ажиллаж, орон нутгийг судлах танхим, тэмээний өв соёлын танхимыг байгуулж, нутгийн бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй байгууллага юм.


Эрдэнэдалай сумын 10 жилийн сургууль 57 ахмадтай. Тус байгууллага жил бүр ахмадуудаа хүлээн авдаг төдийгүй “Ахмадын танхим” ажиллуулан сан байгуулж, тэдний дунд төрөл бүрийн соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах зэргээр санаачилгатай ажиллаж, хоёр дахь удаагаа ”Ахмадад ээлтэй  байгууллага"-ын болзол хангажээ.


“Ахмадад ээлтэй баг”-аар шалгарсан 2 багийн хувьд ахмадуудын мэдээллийн санг шинэчилж, цахим бүртгэл үүсгэсэн, ахмадуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан зэрэг шинэ ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн байна. 

Холбоотой мэдээ