Канадын уран гулгалтын холбоо ISU-ийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-01-31 10:12:30

ОТТАВА, 2024 оны нэгдүгээр сарын 31 /CBC/. Канадын уран гулгалтын холбоо (Skate Canada) 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын наадмын уран гулгалтын багийн тэмцээний медалийг дахин хуваарилах тухай Олон улсын тэшүүрийн холбооны (ISU) шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд давж заалдах боломжит бүх хувилбарыг судална гэдгээ мэдэгдлээ. 


Спортын арбитрын шүүх Оросын уран гулгагч Камила Валиеваг сэргээшийн эсрэг дүрмийг зөрчсөн гэж үзэн, тэмцээнд оролцох эрхийг нь дөрвөн жилээр хасах шийдвэрийг нэгдүгээр сарын 29-нд гаргасан билээ. Оросын тамирчны эрхээ хасуулах хугацаа 2021 оны 12 дугаар сарын 25-наас эхлэх бөгөөд энэ хугацаанд үзүүлсэн бүх амжилт, цолыг нь хүчингүйд тооцох юм. 


Үүнтэй холбоотойгоор ISU Бээжингийн Олимпын уран гулгалтын тэмцээний багийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Оросын багийг гуравдугаар байр луу шилжүүлснээр хоёрдугаарт орсон Америкийн уран гулгагчид алтан медалийн эзэд болж,  Канадын баг хүрэл медальгүй үлджээ. Оросын баг Валиевагийн авсан 20 оноог алдсан бөгөөд бусад уран гулгагчдын оноог өөрчлөөгүй байна. Хэрэв өөрчилсөн бол Канадын баг нэмэлт хоёр оноо авч, оросуудын оронд гуравдугаар байрт орох байв.


Канадын уран гулгалтын холбоо ISU -ийн байр суурьтай огт санал нийлэхгүй байгаа бөгөөд дээрх шийдвэрийг давж заалдах бүх хувилбарыг судална гэж мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ