Усик vs Фьюри: Зууны тулааны ялагчид аваргын тусгай бүс олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын 6 /РИА Новости/. Мэргэжлийн
боксын хүнд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга цолны төлөө Украины боксчин Александр Усик, Их Британийн тамирчин Тайсон Фьюри нарын хооронд болох тулааны
ялагчид тусгай бүс олгоно. Энэ тухай Саудын Арабын Шоу цэнгээний удирдах газрын
дарга Турки Аль аш-Шейх Х нийгмийн сүлжээний /хуучнаар Твиттер/хуудсандаа
мэдээллээ.
Бүсний голд “Хүнд жингийн дэлхийн
маргашгүй аварга” гэсэн бичгийг сийлсэн ажээ. Аль-аш Шейх бичихдээ “нэг
тулаанаар хүнд жингийн аваргын дөрвөн цолыг анх удаа олгоно. Энэ бол зууны тулаан
мөн” гэсэн байна.
Усик-Фьюри хоёрын тулаан Саудын
Арабын нийслэл Эр-Рияд хотноо хоёрдугаар сарын 17-нд болох ёстой байсан боловч бэлтгэлийн
үеэр Фьюригийн хөмсөг задарсан тул тавдугаар сарын 18-нд зохион байгуулахаар
хойшлуулжээ.
Өдгөө 37 настай А.Усикийн хувьд, мэргэжлийн
боксын рингэнд 21 тулаан хийж, 21 удаа ялаад байгаа бөгөөд тэрбээр Дэлхийн
боксын холбоо /WBA/, Олон
улсын боксын холбоо /IBF/ ба Олон
улсын боксын байгууллагын /IBO/ аварга цолуудыг тус тус хүртжээ.
Харин 35 настай Т.Фьюри Дэлхийн
боксын зөвлөлийн /WBC/
аваргын бүсийг эзэмшдэг бөгөөд мэргэжлийн боксчны замналдаа 34 удаа ялж, нэг ч
ялагдаагүй ба нэг тулаан нь тэнцээгээр дууссан байна.