Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад энэ сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчмын нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Германы Иж бүрэн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, зам тээвэр, археологи, хүмүүнлэг болон бусад салбарт өргөжиж байгааг сайшаав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтийг германы тал тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, өнгөрсөн 50 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтаа бэхжүүлэн, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч буйд баяртай байгаагаа илэрхийлэв.
Талууд олон улсын түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал санаачилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, тухайлбал уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах талаар ярилцлаа.