Хүндийг өргөлтийн тамирчид хоёр медальтай Азийн аваргыг өндөрлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-13 09:39:29

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотод болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж, мөнгө, хүрэл медальтай эх орондоо ирэхээр болж байна.


Монголын тамирчдын медалийн салхийг эмэгтэйчүүдийн 64 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Ануужин хагалсан. Тэрбээр энэ удаа мөнгөн медалийн тавцанд зогссоноор гурван жил дараалан тивийн аваргаас медаль хүртсэн юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд залуучуудын дэлхийн аваргын хүрэл, өсвөр, залуучуудын Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт О.Төгс-Эрдэнэ хүрэл медалиар энгэрээ мялааж, манай тамирчдын медалийн буухиаг үргэлжлүүлэв. Тэрбээр насанд хүрэгчдийн Азийн аваргаас анхны медалиа авч байгаа нь энэ. Түүний хувьд өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангиллаас медаль хүртсэн тамирчин болов.


Монголын хүндийг өргөлтийн тамирчид энэ тэмцээний дараах байдлаар насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 алт, 33 мөнгө, 66 хүрэл (Эмэгтэйчүүд долоон алт, 15 мөнгө, 29 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө, 37 хүрэл) медаль хүртээд байна.


Сонирхуулахад, Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй, эмэгтэй бүх жинд БНАСАУ-ын тамирчид түрүүлэв. Тэд нийт 22 алтан медаль хүртжээ. 









Холбоотой мэдээ