АРХАНГАЙ: Ойжуулалт 90 хувийн ургалттай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-14 08:51:22

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Архангай аймаг доройтсон ойг нөхөн сэргээх замаар ойжуулах ажлыг улсын болон орон нутгийн 107.0 сая төгрөгөөр гүйцэтгэхээр 2023 онд төлөвлөсөн. Төлөвлөхдөө 150 га талбайд доройтсон ойн санг зориудаар ойжуулж, амьдралтын хувь, чанар үр дүнг 75-аас дээш хувьтай ургуулсан байна гэж тусгасан байна.

 

Энэ ажлын хүрээнд 2023 онд Тариат суманд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар ойжуулалтын ажлыг 7 га талбайд, Цэнхэр, Жаргалант сумын ойн мэргэжлийн байгууллагууд өөрийн хөрөнгөөр 4 га талбайд ойжуулалт, 4 га талбайд байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг тус тус гүйцэтгэжээ.

 

Байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг улсын төсвийн хөрөнгөөр Ихтамир суманд “Номин хангайн төгөл” ХХК 50 га талбайд, Хангай суманд “Тэгш дүүрэн ММОМ” ХХК 50 га талбайд, Булган суманд 25 га талбайд “Шинэ алтан бүрд" ХХК-иар техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгүүлсэн байна.

 

Ойжуулалт, байгалийн сэргэн ургалтад туслах ажлын хүрээнд тарьж суулгасан шинэсний тарьц, суулгац болон үрийн амьдралт 90 хувьтай ургажээ.

 

Өмнө жилүүдэд Цэнхэр, Тариат суманд 15 га-д ойжуулалтын ажлыг хийж байжээ.

Холбоотой мэдээ