Японы бодит ДНБ хоёр улирал дараалан буурлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО, 2024 оны
хоёрдугаар сарын 15 /Kyodo/. Японы эдийн засаг өнгөрсөн оны 10-12 дугаар сард хоёр улирал дараалан агшсаныг засгийн газраас пүрэв гарагт танилцуулсан тайлан мэдээлэл
харууллаа. Өрх, бизнесийн зарлага сул байсантай холбоотойгоор ДНБ 0.4 хувиар буурчээ.
Мөн Япон улс өнгөрсөн
онд дэлхийн гурав дахь том эдийн засаг гэсэн байр сууриа Германд алдсаныг тоо баримт харуулж байна. Тодруулбал, Германы ДНБ-ний хэмжээ 4.46 их наяд ам.долларт хүрснээр Японыхоос/4.21 их наяд ам.доллар/ давсан нь иений ханшийн огцом уналтын нөлөөллийг харуулж байна.
ДНБ-ий мэдээлэл нь эдийн засгийн эмзэг байдлыг тодотгон харуулж, цалингийн өсөлттэй зэрэгцүүлэн дотоодын эрэлт хэрэгцээнд тулгуурласан өсөлтийг бий болгохыг эрмэлзэж буй Засгийн газар болон Төв банкны хувьд сорилт болж байна. ДНБ хоёр улирал дараалан буурсан нь эдийн засаг хямралд орсон гэсэн үг. Японы Эдийн засгийн судалгааны төвөөс явуулсан санал асуулгад оролцсон эдийн засагчид уг үзүүлэлтийг 1.28 хувиар өснө гэж таамаглаж байжээ.
Үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний нийт өртөг болох бодит ДНБ өмнөх улирлаас 0.1 хувиар буурсан талаар мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээлжээ. Амьжиргааны өртөг нэмэгдэж, бодит цалин буурч байгаатай холбоотойгоор эдийн засгийн талаас илүү хувийг бүрдүүлдэг өрхийн хэрэглээ 0.2 хувиар буурсан нь гурав дахь улиралдаа дараалан буурсан үзүүлэлт юм.
Хөрөнгийн зарцуулалт мөн 0.1 хувиар буурсан нь Японы компаниуд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээс болгоомжилж байгаагийн шинж тэмдэг мөн. Харин экспорт 2.6 хувиар өссөн нь аялал жуулчлалын салбар сэргэсэнтэй холбоотой. Нэрлэсэн ДНБ 10-12 дугаар сард 0.3 хувиар өсжээ.