Бичвэрийг дүрс бичлэг болгон хөрвүүлдэг мэдрэлийн сүлжээг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2024-02-16 11:21:45

НЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 16 /RT/. "ChatGPT" чатботыг зохион бүтээсэн "OpenAI" компани бичвэрийг дүрс бичлэг болгон хөрвүүлдэг "Sora" мэдрэлийн сүлжээг танилцууллаа. 


"Sora" нь дүрслэлийн чанарыг хадгалахын зэрэгцээ хэрэглэгчийн санал болгосон бичвэрийн /текст/ дагуу нэг хүртэлх минутийн урттай дүрс бичлэгийг үүсгэж чадна гэж OpenAI-ын цахим хуудсанд мэдээлээд хэд хэдэн дүрс бичлэгийг нийтэлсэн байна. 


Дүрс бичлэгүүдийн нэг дээр "Неон өнгөөр гэрэлтэх Токиогийн гудамжаар загварлаг бүсгүй алхаж байгаа нь харагдах бол өөр нэг дүрс бичлэгт "кофены аяга дотор хоорондоо тулалдаж буй далайн дээрэмчдийн хоёр хөлөг онгоцыг фотореалист дүрслэлээр" хөрвүүлжээ.


OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Альтман олон нийтийн X сүлжээнд бичихдээ "туршилтын үе шатанд хязгаарлагдмал тооны хэрэглэгчдэд боломжийг санал болгож байна" гэжээ. 


"Sora"-г хэрэглэгчдийн хүртээл болгохоос өмнө аюулгүй байдлыг хангах, ташаа мэдээлэл, үзэн ядалтыг өдөөн дэвэргэсэн агуулга бүхий контентыг түгээхээс урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авна гэдгээ тус компани амлаж байна.

Холбоотой мэдээ