“Долоогийн бүлэг”-ийн сайд нар хутичуудын халдлагыг зэмлэн буруушаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 21 /NHK/. Улаан тэнгис дэх худалдааны хөлөг онгоцууд хутичуудын халдлагад өртөж буй явдлыг “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Тээврийн сайд нар эрс зэмлэн буруушаав.
Сайд нар мягмар гарагт болсон ээлжит бус цахим
хурлын дараа дэлхийн далайн тээврийн
замыг хамгаалах тунхаглалыг баталжээ. Уг баримт бичигт Йемен дэх хутичуудын
үйлдэж буй халдлага нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, навигацийн
эрхийг аюулд оруулж байгааг дурдсан байна.
Мөн хөлөг
онгоцууд Улаан тэнгисээр тээвэр хийхээс зайлсхийж, чиглэлээ өөрчилж байгаа нь
дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, зардлыг нэмэгдүүлнэ гэдгийг онцоллоо. Түүнчлэн ийм өөрчлөлт нь
тээвэрлэлтээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж, дэлхийн дулаарлыг
зогсоох хүчин чармайлтад сөргөөр
нөлөөлнө гэж сайд нар үзэж байна.
Тунхаглалд мөн өнгөрсөн оны 11 дүгээр сард хутичуудад барьцаалагдсан Японы “NYK Line” оператор компанийн хөлөг онгоц болон түүний багийнхныг суллахыг уриалсан байна. Японы томоохон тээврийн компаниудын хувьд Улаан тэнгист явуулж байсан тээвэрлэлтээ бүрмөсөн зогсоожээ.