БАЯНХОНГОР: Кителийн үйлдвэрт 100 оёдолчин ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт 100 оёдолчинтой Кителийн үйлдвэрийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгуулна. Үүнтэй холбогдуулан кителчин болох сонирхолтой иргэдийг ур чадвар олгох богино хугацааны сургалтад хамруулах ажлыг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.
Ноос, ноолуурын салбарт ажлын байр шинээр бий болгох, хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ноос, ноолууран бүтээгдэхүүн холбож оёх кителчин бэлтгэх сургалтыг хийж байна. Сургалтад хамрагдсанаар Кителийн үйлдвэр байгуулахад шууд ажлын байранд гарах боломжтойгоороо онцлог.
Баянхонгор аймаг дахь Кителийн үйлдвэр нь Улаанбаатар хотын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллана.
Одоогийн байдлаар сургалтад 60 орчим иргэн хоёр ээлжээр хамрагдан суралцаж байгаа бөгөөд суралцагчдын төлбөрийг "Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци" ХХК хариуцаж байна. Суралцагчидтай хариуцлагын гэрээ байгуулжээ.