ДАРХАН-УУЛ: Иргэн, ААНБ-уудад эргэн төлөх нөхцөлөөр тоног төхөөрөмж авах боломжийг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-05 16:08:17

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд нийт таван тэрбум төгрөгийн санхүүжилтээр тоног төхөөрөмж худалдан авах боломж нээгджээ. Тодруулбал улсын төсвийн хөрөнгө оруулалттай “Шинэ хөдөө” төсөл гурван тэрбум төгрөг, “Бичил, жижиг дунд үйлдвэрлэл”-ийг дэмжиж тоног төхөөрөмж худалдан авахад хоёр тэрбум төгрөг төсөвлөгдсөн аж.




Энэ хүрээнд Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх ажил, хөрөнгө оруулалтын мэдээлэл өгөх зорилгоор жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй аймгийн Засаг дарга, ХХААГ, ХОХБТХ-ийн дарга нар уулзалт зохион байгууллаа.




Төслийн зорилго нь тоног төхөөрөмж шаардлагатай иргэдэд үйл ажиллагаанд нэн шаардлагатай, хэрэгцээт хүссэн тоног төхөөрөмжийг олгохыг мэдэгдлээ. Төлбөрийн дарамтгүй эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр, орон нутагт шаардлагатай үйлдвэрлэл үйлчилгээг дэмжихэд зориулж буй гэдгийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал онцоллоо.




Мөн анх удаа хэрэгжүүлж буй төслийн явцад алдаа дутагдал гаргахыг үгүйсгэхгүй. Иргэн, ААНБ-аас ирсэн тоног төхөөрөмжийн хүсэлтийг нягталж үзэх, төсөв нь хязгаартай, төслийн материал хязгааргүй болохоор төсөвтэй тааруулж хуваарилалт хийнэ гэв.




ХАА-н чиглэлийн үйлдвэрлэл болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд 100 сая хүртэлх өртөг бүхий тоног төхөөрөмжийг бичил бизнес эрхлэгчдийн саналын дагуу худалдан авч, таван жилийн хугацаанд хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгох уг асуудалд бизнес эрхлэгчид талархалтай байлаа.

 

Холбоотой мэдээ