Ахмадын спортын аймгийн анхдугаар наадамд “Бэлчир” бүсийн ахмадууд аваргаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-01 17:42:45

Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 85, Сэлэнгэ аймагт ахмадын хороо байгуулагдсаны 45 жилийн ойн хүрээнд аймгийн ахмадын спортын анхдугаар наадмыг зохион явууллаа.

Нийтдээ 260 гаруй ахмадууд хуран цугларсан энэ тэмцээний тэргүүн байрт Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар, Дулаанхаан тосгон хамрагдсан “Бэлчир” бүс, дэд байрт Орхон, Орхонтуул, Сант, Баруунбүрэн сумд, Рашаант, Номгон тосгонд хамрагдсан “Орхон” бүс, гутгаар байрт Мандал, Баянгол, Хэрх, Түнхэл тосгод хамрагдсан “Хараа” бүс шалгарч цомын эзэд боллоо.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан уг наадамд 5 бүсээс шалгарсан 60 гаруй ахмад оролцож, авхаалж самбаагаа сорьжээ. Уг наадмыг гурван үе шаттай зохион байгуулсан бөгөөд 1, 2-р үе шатны шалгаруулалт нь сум, бүсийн төв дээрээ зохион байгуулагдсан юм. Ингээд бүсээсээ шалгарсан шигшээ багууд аймгийн төвдөө төгсгөлийн шатны шалгаруулалт оролцож хоёр өдрийн турш гар бөмбөг, хийн дасгал, шагай шүүрэх, шагайн харваа, шатрын спортын таван төрлөөр ийнхүү уралджээ.

Энэхүү тэмцээн нь хүүхэд залуучууддаа үлгэрлэн үлдээх, хойч үеээ манлайлан дуудах зорилгыг агуулснаараа өндөр ач холбогдолтой юм хэмээн аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг онцоллоо.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ