Бага насны хүүхдүүдийн хараа муудаж буйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-10-07 16:52:18

Хараа хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/-ноос ДЭМБ, ЭМСЯ, Монголын Нүдний эмч нарын нийгэмлэгтэй хамтран “Нүдний тусламжийн үйлчилгээг хүн бүрт” уриан дор “Харж баясахын жаргал” нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна.

 Дэлхий дээр ойролцоогоор 284 сая хүн хараа муутай байдгаас 39 сая нь бүрэн хараагүй, 245 сая нь сул хараатай байна. Бүх хараа муудалтын 80 хувь нь зайлсхийж болох сохрол, хараа муудалт байдаг. Манай улсад 16 мянган хараагүй иргэн байдгаас 5000-7000 орчим нь харааны бэрхшээлтэй хүүхэд гэсэн тоо баримт бий.

Монголын Нүдний эмч нарын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Ч.Чимгээ хэлэхдээ, “Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн нүдний хараа муудаж байна. Хүүхдүүд гар утас, I pad, компьютер тоглох, зурагт ойроос үзэх зэргээс шалтгаалан ойрын харааны хэрэгцээ ихэсч байна.  Мөн хүүхдүүд гадаа гарч тоглох нь багассан. Хүүхдүүд байгалийн гэрэл харахгүйгээр байшин дотор удаан хугацаагаар ойр зайд юм хийх нь хараа муутгадгийг тогтоосон. Түүнчлэн чихрийн шижингээс үүдэлтэй хараа мууддаг. Энэ нь нүдний торлог бүрхүүл судас гэмтэн хараа алддаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд зөв хооллолт, хөдөлгөөн хийж амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай. Тиймээс чихрийн шижинтэй өвчтөнүүд хараа нь муудаагүй байсан ч жилд нэг удаа заавал нүдний эмчид хандахыг зөвлөж байна” гэв.

Дэлхийн улс орнуудад хараагүйчүүдэд зориулан брайль ном, гудамж талбайд дуут гэрлэн дохио, сургалтын материал гэхчлэн олон зүйл хийж байгаа ч монголд ийм үйлчилгээ хангалтгүй байна. Мөн хараагүйчүүд сурах, ажиллахад тусгай орчин шаарддаг учир гудамж зам талбайгаар бие даан зорчих, мэдээлэл авахад  бэрхшээл тулгардаг  хэмээн МХҮХ-ны төлөөлөл хэлж байна.  

Өдөрлөгийн үеэр ЭХЭМҮТ-ийн нүдний тасгийн эрхлэгч, гавьяат эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор М.Алтанхүү, П.Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлгийн тэргүүлэгч эмч Ц.Мөнхзаяа нар нүдний өвчлөл, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлж хараагаа хамгаалах талаар олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.

Мөн эм үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдахаас гадна МХҮХ үйл ажиллагаагаа танилцуулж хараагүй иргэд массажийн үйлчилгээ болон урлагийн тоглолтыг үнэ төлбөргүй үзүүлэх юм. Өдөрлөг маргааш Нийслэлийн Улаанбаатар чуулгын үзэсгэлэнгийн танхим болон концертын танхимд болно.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд