СЭЛЭНГЭ: 4 дэх эко танхимыг байгууллаа

ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД
otgontsetseg@montsame.mn
2024-03-25 13:39:39

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ЕБС-ийн дэргэд эко танхим байгуулж, нээлтээ хийлээ.


Эко танхимыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БШУЯ хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III төсөл”-өөс санхүүжүүлсэн байна.


Тус танхимаар дамжуулан ЕБС-ийн сурагчдад экологийн боловсрол олгохоос гадна, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд чухал ач холбогдол бүхий газруудын үр ашигт байдал, тогтвортой менежментийг сайжруулах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой аж.


Танхимын нээлтийн үйл ажиллагааны үеэр Газар зүйн багш Б.Ганцогт төслөөс нийлүүлсэн "Ухаалаг самбарыг сургалтанд ашиглах нь", “Тужийн нарс” БЦГ-ын мэргэжилтэн Ш.Оюунбилэг "Тужийн нарс", БОАЖГ-ын ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа "Олон улсын ойн баярын өдөр" мэдээлэл, танилцуулгыг хийлээ.


Мөн саяхан Улаанбаатар хотноо зохион байгуулсан биологийн ухааны хичээлийн илтгэлийн уралдаанд тусгай байр эзэлсэн сурагчид "Зайнаас тандан судлах нь" сэдэвт илтгэлээ уншиж танилцууллаа.


Тус эко танхим нь Сэлэнгэ аймагт байгуулж буй 4 дэх танхим бөгөөд өмнө нь Сүхбаатар сумын ЕБ-ийн лаборатори 4-р сургууль, Алтанбулаг сумын сургуулиудад байгуулсан юм.   


Энэхүү эко танхим нь багш, сурагчийн ширээ сандал, номын шүүгээ, ханын самбар, олон үйлдэлт принтер, зөөврийн компьютер, 75 инчийн ухаалаг самбар, зургийн аппарат зэрэг цогц хэрэглэгдэхүүнтэйгээрээ онцлогтой.  


Дээрх үйл ажиллагаанд “Тужийн нарс” БЦГ-ын захиргааны Н.Өлзийбаяр даргатай хамт олон, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа, Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол, багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ