ЗАВХАН: Хачгийн идэвхтэй улирал эхэлсэн тул халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-04-08 14:26:39

Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хачгийн идэвхжилтийн үе эхэлж байгаатай холбоотой хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчний талаарх мэдээллийг Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс өглөө.


Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4-10 дугаар сарын турш бүртгэгддэг. Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан яг одоо эхэлж байгаа.


Тэс суманд хачигт халдвар, зоонозын халдварт өвчний сургалтыг хийв


Тиймээс урьдчилан сэргийлэх, тандалт, сургалт сурталчилгааны ажлыг хийж эхэлсэн байна.

Тухайлбал Тэс сумын ерөнхий боловсролын сургуулийн багш суралцагчид, эцэг эхийн төлөөлөл 349 хүнд галзуу өвчин, хачигт халдварын талаарх мэдлэг өгөх сургалтыг хийсэн. Мөн сумын үйлчилгээний байгууллагуудад зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх санамж зурагт хуудас тарааж иргэдийг мэдээллээр хангалаа.


Завхан аймгийн хувьд ойт хээрийн бүс бүслүүрийн Тосонцэнгэл, Тэлмэн, Идэр сумын нутаг хачгаар дамжих халдварын байгалийн голомттой. Энэ бүсэд хачигт риккетсиоз, хачигт боррелиозын өвчлөл бүртгэгдэж байсан юм.


Хээрийн бүс бүслүүрийн Асгат, Баянхайрхан сумын нутагт байгалийн голомтын судалгаа, шинжилгээг хийсэн. Мөн голомттой. Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт хачгаар дамжих халдварын байгалийн голомттой. Завхан гол орчимд хачгийн нягтаршил их.  

Тиймээс эдгээр нутгийн хүн амд урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг давтан зохион байгуулахаар ажиллаж байна. 

Завхан аймагт өнгөрсөн жил нийт 90 гаруй хүн хачигт хазуулжээ.


Завхан аймгийн хачигт халдварын голомттой бүс нутгууд


Эмнэлэгт хандаагүй хэдэн хүн байгааг мэдэхгүй байна. Эмнэлэгт хандсан хүний тоо жил бүр нэмэгдэж байгаа. Одоогоор хачигт хазуулсан хүн бүртгэгдээгүй байна гэж Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.   


Хачигт хазуулснаар толгой өвдөх, биеэр туурах, халуурах, үе мөч, булчин өвдөх, тунгалгийн булчирхай, захын мэдрэл үрэвсэх зэрэг 10 гаруй шинж тэмдэг илэрдэг. Хачигт хазуулснаас хойш 1-30 хоногийн дотор дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй. Мөн хачгийн тархалт ихтэй, хачигт энцефалитийн голомттой бүс нутагт амьдардаг бол тухайн өвчний вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.


Холбоотой мэдээ