Дархлаажуулалтын 10 хоног Дундговь аймагт эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-04 16:00:18

Дархлаажуулалтын ээлжит 10 хоног Дундговь аймагт эхэллээ. Энэ удаад Монгол Улсын Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Гепатитын В вирусын халдвараас сэргийлье” уриан дор дархлаажуулалтыг зохион байгуулна.

Дархлаажуулалт эхлэхтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарсан байна. Үүнд дурьдсанаар энэ удаагийн дархлаажуулалтад Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, Онцгой байдал, Зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын бие бүрэлдэхүүн хамрагдаж, гепатитын В вирусын эсрэг дархлаажуулалт хийлгэнэ. Мөн Үндэсний товлолоос хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүд нөхөн дархлаажуулалтад хамрагдах ажээ.

Түүнчлэн улаанбурхан, томуу, томуу төст болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдэд өндөр тунт А аминдэмийг урьдчилан сэргийлэх тунгаар уулгах юм байна.

Дархлаажуулалттай зэрэгцэн дархлаажуулалтын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг ч зохион байгуулахыг аймаг,сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд үүрэг болгожээ.

Т. Отгонтуяа

   
Холбоотой мэдээ