ӨМНӨГОВЬ: Хүүхдэд нутгийн онцлогоор дамжуулан урлагийн боловсрол эзэмшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-04-25 08:47:11

Даланзадгад, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймаг  2024 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлаж, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, шинээр уран бүтээлийг туурвихад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 

Энэ ажлын хүрээнд “Нар мишээсэн алтанхан говь мину” 320 хүүхдийн уран бүтээлийн нэгдсэн тоглолтыг дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд тоглосон бол  дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн ХЖТ-т тогложээ.

 


Тоглолтод говь нутгийнхаа онцлогийг харуулсан говь шанхын уртын дуу, Өмнөговийн магтаал, Ботгон тэшээ, Ёлын домог, Тэмээн поло бүжиг, ерөөл магтаал, аймгийнхаа есөн гайхамшгийг магтан дуулсан шүлэг яруу найраг болон орчин үеийн дуу, бүжгийг хослуулан тоглосноороо онцлогтой.

 


“Нар мишээсэн алтанхан говь мину” уран бүтээлийн тоглолтын хүүхдийн найрал дуунд 70, үндэсний хөгжмийн оркестр 60,  морин хуурч 33, уртын дууч 33, бүжигчин 33 хүүхдийг хамруулжээ.


 

Харин тоглолтод оролцсон 320 хүүхдийг зуны амралтаар нь хүүхдийн зусланд нэг сар амруулж, англи хэлний хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулах эрхээр Өмнөговь аймгийн ЗДТГ-аас шагналаа.

 

Холбоотой мэдээ