БАЯН-ӨЛГИЙ: XV-XVIII зууны үед хамааралтай морины тушимтай гархин хуяг музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-15 11:01:50

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Орон нутаг судлах музейд XV-XVIII зууны үед хамаарах хуяг хадгалагдаж байна.


Хөө болон тушим оролцуулан хийсэн энэ хуягийг "тушимтай гархин хуяг" хэмээн нэрлэдэг. Хуягийн хэмжээ, гархи тушмыг хооронд нь хэлхсэн эгнээ, мөр зэргээс үзэхэд энэ нь морины хуяг байх магадлалтай хэмээн судлаачид үзжээ. Ийм хуягийг XV-XVIII зуунд Төв Азиас одоогийн Турк Улсын нутаг дэвсгэр хүртэлх өргөн уудам нутгийн нүүдэлчид хэрэглэж байжээ.


Тухайн үзмэрийг аймгийн музейд 1959 онд тус аймгийн Буянт сумын малчин Өтнөө бэлэглэсэн байна. Хуягийн урт нь 115 см, өргөн нь 75 см байгаа.


Морины хуягийг нүүдэлчид нэн эрт үеэс хэрэглэж эхэлснийг аман зохиол болон дүрслэг урлагийн баримтуудааас харж болно.


МЭӨ V зууны үед амьдарч түүхийн эцэг хэмээн алдаршсан Грекийн түүхч Геродот нүүдэлчдийн тухай "Тэд мориндоо ч зэсээр хийсэн цээж хэсгийг хамгаалдаг хуяг өмсүүлдэг, харин морины хазаар, цулбуураа хүртэл алтаар чимэглэдэг" хэмээн тэмдэглэжээ.


Мөн Монгол Алтайн хадны зургуудад ч хуягласан морьтой хүний зургийг дүрсэлсэн байдаг.  

Холбоотой мэдээ