"Чингис хаан" ОУНБ-ыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэх судалгааг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-16 11:33:32

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Зуны нислэгийн оргил ачааллын үед шуурхай үйлчлэх, үйлчилгээний хүртээмж, "Чингис хаан" ОУНБ-ын багтаамжийг нэмэх, өргөтгөх судалгааг энэ оны зургадугаар сараас 2025 оны нэгдүгээр сард хийж дуусгахаар төлөвлөөд байна.


Энэ талаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Япон Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын төлөөлөгчид, "Чингис хаан" ОУНБ-ын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг хариуцан ажиллаж буй япон талын төлөөлөлтэй уулзах үеэрээ онцлов. Мөн нисэхийн менежмент, эдийн засагч, эрх зүй зэрэг нисэхийн чиглэлээр мэргэшсэн ажилтан бэлтгэх, харилцан туршлага солилцох санал дэвшүүлснийг тус яам мэдээллээ. 


Төлөөлөгчид нисэх буудалд ажиллаж буй төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, нисэх буудлын өргөтгөх, шинэчлэх судалгаагаа шуурхай эхлэхээ илэрхийлсэн байна.


ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Улаанбаатар олон улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитай уулзах үеэрээ нисэх буудлын хүчин чадлыг нэмж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, иргэдэд чирэгдэл үүсгэхгүй байх ёстойг хэлж байсан билээ.


ЗТХЯ-наас энэ онд агаарын тээврээр 2 сая 200 мянган зорчигч тээвэрлэхийг зорьж, зорчигчдын урсгалыг нэмэхээр төлөвлөөд байгаа бөгөөд өнгөрсөн онд агаарын тээврээр 1 сая 750 мянган зорчигч тээвэрлэжээ.


Холбоотой мэдээ