С.Шинэчимэг: Номын сангийн хөгжилд асар том ирээдүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. 35 дахь жилдээ зохион байгуулж буй “Үндэсний бичиг соёл, номын
өдрүүд-2024”-ийг Сэлэнгэ аймаг номын санчид руугаа чиглэсэн оюуны
хөрөнгө оруулалтаар эхэллээ.
"Үндэсний номын баяр”-ын хүрээнд Сэлэнгэ аймгийн Нийтийн
номын сангаас санаачлан “Нээлттэй номын сан” анхдугаар чуулганыг энэ өдөр
зохион байгууллаа.
Анхдугаар
чуулганы талаар Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангийн захирал С.Шинэчимэгтэй
ярилцлаа.
-Танд
юуны өмнө "Үндэсний номын баяр”-ын мэндийг хүргэе. Энэ удаагийн
номын баяр арай өөр хэлбэрээр өрнөж байна. Анхдугаар чуулганы гол зорилго юу вэ?
-Энэ
жилийн үндэсний номын баяраар бид эхний ээлжид номын санчдыг чадавхжуулах, “Алсын
хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогод номын санчид ямар үүрэгтэй байх ёстой юм.
Өнөөгийн түвшинд ямар шатанд явж байна. Цаашид хэрхэн ажиллах арга замаа тодорхойлно.
Анхдугаар
чуулганд аймгийн төв болоод 17 сум, 6 тосгоны нийт 60 номын санч оролцсон өргөн
бүрэлдэхүүнтэй болж буйгаараа ач холбогдолтой болж байна.
Чуулганы гол зорилго гэвэл Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын
хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого, хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутгийн номын санг хөгжүүлэх, номын санчдын мэргэжлийн ур чадварыг
дээшлүүлэх, тасралтгүй сурч, хөгжих шаардлагыг хангах, номын сангийн хүний
нөөцийн хэрэгцээг сайжруулахад чиглэж байгаа.
-Тэгэхээр
“Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогод номын санчид ямар үүрэгтэй оролцох
вэ?
-Номын санчид
бид “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн бүх нийтийн соёлын боловсролыг
хөгжүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйл гэдэг дээр чухал үүрэг
гүйцэтгэж оролцоно. Мөн номын сан бол хүний хөгжлийн байгууллага. Иймээс хүний
хөгжлийн асуудалд ч маш чухал үүрэгтэй оролцох юм.
Хүний хөгжил нь албан ба албан
бус боловсролоор хэмжигдэнэ. Албан боловсролыг заавал эзэмших ёстой боловсрол. Номын
сан бол хөгжихийг хүссэн, хөгжилд тэмүүлсэн, сурч мэдэхийг зорьсон хүмүүст албан
бус боловсролын үйл ажиллагааг явуулдаг байгууллага. Энэ утгаараа номын санчид бид дээрх бодлогын
бичиг баримт дээр манлайлах
үүрэгтэй оролцох ёстой.
Мөн бид “Алсын хараа-2050”-ийн
эхний 30 жилийн хүрээнд номын санчид ямар чиглэлд нь манлайлах үүрэг
гүйцэтгэх юм. Хотын төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, хөдөөг
сэргээх бодлогын хүрээнд номын сан ямар үүрэгтэй юм, хүмүүс юунд их
тэмүүлдэг юм, амьдралын чанар, хүүхдүүдийн боловсрол гэх мэтэд бид анхаарч
ажиллана.
-Та илтгэл дээрээ үндэсний
ялгарлын талаар ярьж байсан. Үүнийгээ тодруулж өгнө үү?
-Манай хүмүүс нийтээрээ дэлхийн
сонгодог бүтээлийг ойлгодог байх хэрэгтэй. Орчин цагийн хүүхдүүдийг үүнд ойртуулах,
ямар зохиолыг сонгодог бүтээл гэдгийг мэдүүлэх, нөлөөллийн ажлыг манай
номын санчид маш сайн хэрэгжүүлэн ажиллах ёстой.
Дэлхийд монгол үндэстэн юугаараа
ялгарах юм. Бид өв соёл, уламжлал, хүмүүжлээрээ ялгарах ёстой. Манай монгол
түмэн зочломтгой найрсаг, өөртөө итгэх итгэл дэлхийн хүмүүсээс их өндөр
байдаг. Угсаа гарлаараа, удам судраараа юун дээр анхаарч, юуг баримталж явах
вэ гэдгээ ойлгож, бахархаж явах хэрэгтэй. Иймээс бид энэ өвөрмөц
сонгодог өв соёлоо авч үлдэх, түгээх, сурталчлах ёстой.
-Хүмүүс үндэсний бахархалт ном,
түүхийн өв соёл болсон эртний ном зохиолоо хэрхэн ойлгож, уншиж байна вэ?
-Дэлхийн соёлын баримтат өв,
соёл номын сантай салшгүй холбоотой байдаг. Монголын нууц товчоог айл бүр,
байгууллага бүр дээдэлдэг. Луу, Алтан товч, Хөх судар гээд үргэлжлээд явна. Монгол
тууль, аман зохиолууд бүгд манайд байна.
2023 онд Цогтын хадны бичгийг
ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн. Энэ жил Халхын 4 хаадын удам угсааны
угийг бичгийг мөн ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн. Энэ бол манайх Соёлын
яамтай болсны гавьяа. Тэдний хийсэн том ажил шүү дээ.
Бид эдгээрийг ухуулан
таниулах, яагаад монгол үндэстэн ялгарах ёстойг таниулах үүрэгтэй хүмүүс.
Монголын баатарлаг туульсуудаа бид олон нийтэд сурталчлах, мэдүүлэх ёстой. Монгол
хэл соёл, дэлхийд оршин тогтнох нь үеийн үед үндэсний бахархал, дархлаа болох
ёстой юм.
Монголын үндэсний бахархалт
ном зохиолууд яг жагсаалтад орсон зохиолууд манай нийтийн номын санд байгаа.
Номын сангийнхаа хууль журмаар тэр болгон уншлагад гаргадаггүй. Зөвхөн заалаар уншуулж
үйлчилдэг.
Яагаад гэвэл тэр номууд маань
ховор номдоо ордог учраас. Харин Монголын нууц товчоо бол хангалттай бий.
Үүнийгээ уншлагад гаргадаг. Цөөн тооны туульсын зохиол, Гэсэр, Жангарыг
уншлагад гаргаж байгаа.
-Хүний хөгжилд номын
санчид их үүрэгтэй оролцох ёстой гэж та
хэлсэн?
-Эрүүл, зөв дадал хэвшилтэй
монгол хүнийг бий болгох. Соёлын боловсролыг хүртээмжтэй хүргэх, дундаж давхаргыг
олноор бий болгох, ядуурлыг бууруулах гээд энэ бүхэн хүний хөгжилтэй холбоотой.
Боловсролгүй хүн ядуу байдаг. Оюун
ухаан хөгжсөн боловсролтой хүн хэзээ ч ядуу амьдардаггүй. Өдөрт хүн заавал унших
чадварыг эзэмшиж, өөртөө суулгах ёстой.
Номын санчид өөрсдөө оюунлаг,
уншдаг байх хэрэгтэй. Засгийн газрын бодлогоо ойлгож, түгээх ёстой. Номын санч
өөрөө уншдаг чадвараа хөгжүүлж, бүх нийтийг унших чадвар луу хөтлөх үүрэгтэй
хүмүүс. Гэр бүл бол нийгмийн анхдагч суурь. Иймээс манай номын сангаас гэрээрээ
ном унших, гэрийн номын санг жил бүр шалгаруулдаг.
-Ер нь үндэсний бахархалт ном
зохиолыг хүмүүст сурталчлан таниулах, түүнийг мэдрүүлэх, хүмүүс эрж хайж уншдаг
болгохын тулд ямар ажил хийвэл зохистой гэж та бодож байна?
-Залуу хойч үед сонирхолтой
хэлбэрээр нийтэлж хэвлэх юм бол улам сайн байх болов уу. Тэр бүр сонгодог зохиолыг
унших чадвар уншигчдад дутмаг байдаг.
Манай эртний сонгодог
зохиолууд чинь өвөрмөц хэллэгтэй, нарийн, 1-2 хоног ч юм уу, нэг хоёрхон удаа
уншаад барагдахааргүй, ойлгоход хүнд номууд байдаг шүү дээ.
Тухайлбал Монголын нууц товчоо
номыг 4-5 удаа уншиж байж сайтар ойлгох, дотроос нь юм олж авдаг, ийм сонин ном.
Ийм болохоор үүнийг залуу үед уншуулахад ойртуулж, өшөө өвөрмөц аргаар хийвэл
зүгээр юм уу гэж би боддог. Жишээ нь комик ч юм уу, анимейшн болгодог ч юм уу.
Ер нь анимейшн кино зохиолуудыг
хараад байхад яг манай сонгодог Гэсэр, Жангар, Эрийн сайн хан харангуй гэдэг
том том туулиудаас санаа авчихсан ч юм шиг санагддаг. Тэнд гоё гоё дүрүүд
гардаг. Эдгээр том зохиолууд дандаа уран сайхны аргаар хэлчихсэн байдаг. Манай сонгодог
зохиолууд их уран яруу хэллэгтэй шүү дээ. Тэгэхээр цаашдаа энэ санаагаа бид уламжлаад залуу үеүдэд сонирхолтой хэлбэрээр байвал зүгээр байх.
Харьцангуй залуус, хүүхдүүд Монголын
нууц товчоог их уншиж, сонирхож байна. Ялангуяа хүүхдүүд их уншдаг болсон. Манай
номын санчдын олон жилийн хөдөлмөр, ном хөтөлбөрийн болоод боловсролын хамтын
ажиллагааны үр дүнд үндэсний бахархалт ном зохиолын үүх түүхийг залуу хүүхдүүд
их сонирхдог болж байгаа. Одоогоор 11, 12 дугаар ангийн хүүхдүүд монголын түүхтэй холбоотой номоо нэлээд сонирхож эхэлж байна. Харин 20 насны залуус ном унших
чадамж жаахан дутагдалтай байгаа.
-Номын санчдын зүгээс номын
фондын баяжилт хийх төсөв хүрдэггүй, мөн номын санчдыг мэргэшүүлэх,
чадавхжуулах сургалтуудыг ойр ойрхон авч байх саналыг тавьж байсан. Энэ талаар
боломж бий юу?
-Бид номын санчдаасаа гаргасан
саналыг цаашаа төрийн бодлоготойгоо уялдуулан үйл ажиллагаагаа авч явуулна
гэсэн бодолтой байгаа.
Мөн хүсэлт, тулгамдсан
асуудлаа шийдвэр гаргах түвшний хүмүүст уламжилж ажиллана.
Номын санчийн мэргэжил бол
дэлхийн мэргэжил, ховор, маш хэрэгцээтэй мэргэжлийн тоонд зүй ёсоор ордог. Маш
нарийн, чимхлүүр ажил эрхэлдэг гэдгээ бусдад зөвөөр ойлгуулах нь нэн түрүүний
алхам байгаа.