ХОВД: Дүрслэх урлагийн салбарынхан “Хавар” сэдэвт үзэсгэлэнг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-19 08:27:44

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. “Хавар” сэдэвт үзэсгэлэнг өнөөдөр уран зураач, усан будгийн нэрт мастер Д.Мишигийн нэрэмжит Ховд арт галерейд гаргалаа. 


Монголын урчуудын эвлэлээс жилд 50 үзэсгэлэн гаргаж, 3000 гаруй бүтээлийг иргэд олон нийтийн хүртээл болгодог. Үүний нэг болох “Хавар" үзэсгэлэнг анх 1979 онд Улаанбаатар хотод дэлгэж байжээ.

Харин энэ удаа тус үзэсгэлэнг орон нутагт, тэр дундаа Ховд аймагт анх удаа нээж байгаа нь онцлог юм.

Ингэснээр орон нутагт дүрслэх урлагийг хөгжүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх боломж бүрдэнэ. Мөн бусад аймаг "Хавар" үзэсгэлэнг ээлжлэн гаргаж, дүрслэх урлагийн үр шимийг түгээх их үйлсийн эхлэл болох юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд Монголын шилдэг зураач, урчуудын шигшмэл 30 бүтээлийг дэлгэсэн байна. Үүний дотор уран зураг, зураасан зураг, чимэглэлийн зураг болон баримал гээд дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл багтжээ.

Үзэсгэлэнг Ховд аймагт зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл гаргана.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монголын урчуудын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүд, Ховд салбарын тэргүүн, зураач, уран бүтээлчид болон баруун бүсийн аймгуудын зураачдын төлөөлөл, .уран зураг сонирхогчид оролцлоо.

Энэ үеэр "Хавар-2024" үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийг шалгаруулж, нэр бүхий уран бүтээлчдийг шагнасан байна. 






Холбоотой мэдээ