Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН, 2024 оны тавдугаар сарын 21 /BBC/. Их Британийн нийслэл Лондон хотын Дээд шүүх “Викиликс” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн талд шийдвэр гаргаж, АНУ-д түүнийг шилжүүлэн өгөхийг эсэргүүцэн давж заалдахыг зөвшөөрчээ.
Өчигдөр болсон хурлын үеэр шүүгчид "АНУ-д шилжүүлсэн өгсний дараа Ассанжид цаазаар авах ял оноохгүй, үг хэлэх эрх чөлөөг нь зөрчихгүй, Америкийн иргэн биш байсан ч шударга шүүнэ гэдэгт найдаж болно" гэсэн Америкийн талын баталгааг хянан хэлэлцсэн байна.
Одоо Белмаршийн шоронд хоригдож буй Ассанжийн хувьд давж заалдах хүсэлтээ гаргахад хэдэн сарын хугацаа шаардагдана. Дээрх шийдвэр гарсны дараа Ассанжийн өмгөөлөгчид шүүх хурлын танхимд бие биендээ баяр хүргэн тэврэлджээ. Ассанжийн эсрэг үүсгэсэн хэрэг бол улс төрийн зорилготой гэж тэд үзэж байгаа юм.
Өмгөөлөгчдийн үзэж байгаагаар, "Викиликс” сайтыг үүсгэн байгуулагчийг АНУ-ын талд шилжүүлэн өгвөл хүнлэг бусаар хорьж цагдаж, эрүүдэн шүүхтэй төстэй байдлаар түүнтэй харьцаж магадгүй ажээ.
АНУ-ын эрх баригчид Ассанжийг эхлээд засгийн газрын компьютеруудыг хакердсан хэрэгт оролцсон гэж буруутгаж, дараа нь тагнуулын тухай хуулийг зөрчсөн хэргээр 17 зүйл ангиар нэмж буруутгасан байна. Уг хуулийг баталснаас хойш нэг ч удаа сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэж байгаагүй юм. Жулиан Ассанж өөрийгөө сэтгүүлч гэж үздэг.
Ассанж нууц баримт бичгүүдийг ил болгосноороо олон зуун хүнийг эрсдэлд оруулсан гэж АНУ-ын тал мэдэгдэж байгаа юм. Үүний хариуд Ассанж хэлэхдээ, 2010 онд түүний ил болгосон баримт бичгүүд бол АНУ-ын дайны гэмт хэргийг илчилсэн гэжээ.
Хэрэв түүнийг АНУ-ын талд шилжүүлэн өгсний дараа дээрх бүх хэрэгт буруутай нь тогтоогдвол түүнд 175 жилийн хорих ял оноож магадгүй байна.