ХӨВСГӨЛ: Их талбайд тарааж асгасан хогийг хумьж, түрж булах ажил үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын төвлөрсөн хогийн цэгийг хумьж, хог хаягдал тархсан талбайг цэвэрлэх, багасгах ажил үргэлжилж байна.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатараар ахлуулсан ажлын баг 8 дахь өдрөө хогийн цэгийн хог хаягдлыг хумих, цэвэрлэх ажлыг хийж байна.
Мөрөн сумын төвлөрсөн хогийн цэг 169 га талбайд тархсан байна. Хог хаягдлын төвлөрсөн цэгийн үйл ажиллагааг сайжруулах, тархсан талбайг хумьж, түрж булах, орц гарц гаргах зэрэг ажлыг хийнэ.
Хог тархсан талбайг ландфилл аргаар дарах, хумих ажлыг 20 ажилтан, том оврын 16 техник хэрэгсэл, хувийн хэвшил, нутгийн иргэдийн тусламжтай хийж байна.
Хог тархсан талбай маш их байгаа учраас хагас сар орчим үргэлжлэх төлөвтэй байна гэдгийг Хөвсгөл
аймгийн засаг даргын орлогч М.Хуягбаатар хэллээ.