Ё.Чимэгчимэд: Ихэр охидын маань нэг "Эхийн алдар" одон хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-24 18:08:28
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат, өндөр настан Ё.Чимэгчимэд 8 хүүхэд төрүүлж өсгөсөн, “Эхийн алдар” I, II одонгийн эзэн. Түүний 37 насандаа төрүүлсэн ихэр охидын нэг мөн 37 насандаа “Эхийн алдар” II одонг 5 дугаар сарын 23-нд гардан авлаа. Энэхүү учрал, ерөөл тохиосон билэгт сайхан өдөр одонтой ээжийн ээж Ё.Чимэгчимэдтэй ярилцлаа.


-Отгон охин нь 4 охины ээж болж, “Эхийн алдар” одонгоор шагнууллаа. Баяр хүргэе! Та сэтгэгдлээ хуваалцана уу.

-Баярлалаа, үнэхээр маш их баяртай байна. Би 8 хүүхэдтэй. 2 бага охин маань миний 37 насан дээр гарсан ихэр охидууд. Тэд энэ жил бас 37 настай гэхээр их бэлгэдэлтэй санагдаж байна.

Охин маань төрийн тэргүүнээс шагналаа авч, Алдарт эх боллоо шүү дээ. Ээж хүнд юу чухал вэ гэхээр үр хүүхдүүд маань эрүүл энх өсөж торнин, зөв хүн болж, сайн сайхан явах л чухал шүү дээ. Тиймээс охиндоо маш их баярлаж байна.


-Та өөрийгөө танилцуулаач, олон хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ улсдаа ямар ажил алба хашиж байсан бэ?

-Би Дэрэн суманд төрж, Гурвансайхан суманд үрчлэгдэн очоод энэ нутгийн хүн болсон юм. Сумынхаа нэгдлийн жолооч Осорын Жамбалтай ханилж, 8 сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн.

Гурвансайхан суманд мал эмнэлгийн санитар, хүн эмнэлгийн асрагч, тогооч, яслид туслах ажилтан, малчин зэрэг ажлыг хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан даа. Хүүхдүүд маань одоо бүгд л гэр бүлтэй болж, сайн, сайхан амьдарч байна. Эгч нь хүүхдүүдээрээ их бахархдаг шүү.


-Хүүхдүүдээрээ бахархах их сайхан. Таны хүүхдүүд хаана, ямар ажил эрхэлж байна вэ?

-Миний том хүү Өлзийбат мал малладаг. Аймгийн “Аварга малчин”, “Алтан төлийн эзэн” болсон хүн байна. Том охин бас малчин. Их газрын чулууны ууланд малаа маллаж, сайхан цагаан идээ хийдгээрээ алдартай. Аймгийн “Түншлэл” үзэсгэлэн худалдаанд жил бүр л оролцдог, “Сайхан цагаан идээтэй эмэгтэй”-гээр шалгарсан.

Удаах охин Өлзийжаргал Гурвансайхан сумын Засаг даргаар ажиллаж байгаад одоо аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүрэгт ажлыг хашиж явна. Охин Ж.Өлзийсайхан маань бас малчин. Сумын ИТХ-ын төлөөлөгч, Сумын сайн малчин болсон.

Нямаа охин маань Улаанбаатарт ажиллаж амьдардаг, Монголын залуучуудын холбооны  дэд ерөнхийлөгч, хүү Өлзийтүвшин Гурвансайхан сумандаа малчин.

Ихэр охидын маань нэг Ж.Өлзийдүүрэн япон хэлний багш, нөгөө охин Өлзиймөнх аймгийн уламжлалт анагаах ухааны их эмчээр ажилладаг. Сая одон авдаг охин маань Өлзийдүүрэн шүү дээ.  


-Таныг их сайхан дуулдаг гэж сонссон, дуучин алдраараа ямар шагнал хүртсэн бэ?

-Дуунд дуртай, дуулах сонирхолтой. Аймаг, сумынхаа концерт, урлагийн олон үйл ажиллагаанд өнөөдрийг хүртэл тасралтгүй л оролцож явна.

Хамгийн сүүлд Их газрын чулуунд өнгөрсөн жил зохион байгуулсан 3000 морин хуурч, уртын дуучин оролцсон “Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадмын тайзнаа дуулсан. Цол гуншин гэвэл “Ардын авьяастан”, авсан шагнал гэвэл “Соёлын тэргүүний ажилтан” цол байна.


-Олон хүүхдээ сайн хүмүүжилтэй, зөв хүмүүс болгож өсгөнө гэдэг монгол эмэгтэйн холч ухааных гэж бодож байна. Залуу ээжүүдэд юу гэж зөвлөхсөн бол?

-Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэж боддог. Хүүхдүүдээ багаас нь хар бор ажил хийлгэх, бие даалгах, амьдралын хар ухаан зааж өсгөсөн нь л бидний хүмүүжлийн арга байж дээ. Тэгэхийн тулд өөрсдөө үлгэрлэх ёстой.

Залуу аав, ээжүүд өөрсдөө утас үзчихээд хүүхдүүдээ боль гээд байж болохгүй шүү дээ. Өөрсдөө эмх цэгцтэй байхгүй байж, хүүхдүүдээ цэвэрлэсэнгүй гэж бас болохгүй. Тэгэхээр өөрсдөө л хүүхэддээ бүх талаар үлгэрлэж, ажилд сургаж, ирээдүйд амьдралын бэрхийг даваад гарах ухаантай, цэгцтэй, тэвчээртэй хүн болгох нь л чухал гэж боддог.

Тэгээд үнэнч шударга байх, олонтойгоо эвтэй байх, хүнийг ойлгодог, энэрэнгүй байх гээд сайхан чанаруудыг л хүүхдүүддээ өвлүүлэх гэж хичээсэн, хүүхдүүд маань миний итгэлийг дааж яваа гэж эгч баярлаж суудаг даа.

-Ярилцсан танд баярлалаа. Эрүүл энхийг хүсэн ерөөе!




Холбоотой мэдээ