Чехийн хоккейчид дэлхийн аварга боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПРАГА, 2024 оны тавдугаар сарын 27. /TASS/. Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шувтаргын тоглолтод Чехийн шигшээ баг Швейцарын багийг 2:0-ээр буулган авлаа. Тоглолт Прага хотод болжээ.
Чехийн багаас Дэвид Пастрнак (50 дахь минут), Дэвид Кампф (60 дахь минут) нар шайб оруулсан байна. Чехийн хаалгач Лукас Достал 31 цохилтыг хаажээ.
Чехийн шигшээ баг 14 жилийн дараа дэлхийн аварга болж байна. 2010 оны финалын тоглолтод чехүүд Оросын багийг 2:1-ээр хожиж байсан. юм. Чехийн хоккейчид ДАШТ-д долоон удаа, Чехословакийн баг зургаан удаа түрүүлж байв. ДАШТ-ий түрүүг хамгийн олон буюу 28 удаа авсан баг бол Канадын шигшээ юм. ЗХУ, ОХУ-ын шигшээ баг тус тэмцээнд 27 удаа түрүүлсэн байна.
Гуравдугаар байрын төлөөх тоглолтод Шведийн шигшээ баг Канадын багийг 4:2-оор хожсоноор 2014 оноос хойш анх удаа Европын гурван баг медаль хүртлээ.
ДАШТ-ий хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Швейцарын довтлогч Кевин Фиала тодорлоо. Тэрбээр 13 (7 шайб оруулж + 6 удаа оновчтой дамжуулсан) оноо авч, тэмцээний хамгийн шилдэг хоёр дахь хоккейчин болов. Шилдэг мэргэн буучаар Америкийн Мэтью Болди 14 (6+8) оноогоор тодорчээ. Канад довтлогч Дилан Козенс хамгийн олон буюу 9 шайб оруулсан байна.