ЗАВХАН: Ургамал сумын 280 гаруй иргэн угийн бичгээ хөтөлдөг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-05-27 13:49:04

Улиастай, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймагт "Нэг өрх-нэг угийн бичиг" уралдааныг зохион байгуулж шилдэг өрхүүдийг шалгаруулжээ.


Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар аймгийн Соёл урлагийн газартай хамтран аймгийн хэмжээнд угийн бичиг хөтлөлтийг эрчимжүүлэх, угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах. Угийн бичиг хөтөлдөг айл өрхийн тоог нэмэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уралдааныг зохион байгуулсан байна.


Уралдаан сар шахам үргэлжилсэн бөгөөд шилдэг "Угийн бичигтэн сум" шилдэг "Угийн бичигтэн өрх"-үүдийг шалгаруулан  шагнаж урамшуулжээ.


Шилдэг угийн бичигтэн сумаар Тэс сум шалгарч, Асгат, Нөмрөг, Тосонцэнгэл, Отгон сум эхний байруудад шалгарчээ. Шилдэг угийн бичигтэн өрхөөр Улиастай сумын иргэн Л.Мөнхбаярын гэр бүл шалгарч мөн сумын иргэн Л.Жамсрандорж, Ургамал сумын иргэн Д.Баярмаа нар эхний байрт тус тус шалгарсан байна.


Угийн бичиг хөтлөлтийг эрчимжүүлэх зорилготой уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Батцэцэгээс тодрууллаа.

Угийн бичгийн хөтлөлтийг сайжруулахын тулд салбар дундын хамтын ажиллагаа чухал байна

-Угийн бичгийн уралдаанд хэчнээн сумын иргэн оролцсон бэ?

-Угийн бичгийн уралдааны хүрээнд 11 сум 47 удаагийн сургалт, нөлөөллийн ажлыг сумандаа зохион байгуулж, 3544 хүнийг хамруулсан.

Мөн сумын угийн бичиг хөтөлдөг 1038 айл өрхийн судалгааг гаргасан байна. Судалгааг гаргахдаа Тосонцэнгэл сум цахимаар судалгаагаа авч үр дүнг гаргасан нь бусад сумаас онцлог байлаа.

Ер нь монголчууд эрт дээр үеэс угийн бичиг хөтөлж, үр хойчдоо өөрсдийн уг гарвал, удам судраа таниулж, голомт сахихын үүрэг хариуцлагыг ойлгуулдаг. Гэр бүл, хамт олны эв эеийг сахих, ах захаа мэдэн хүндэтгэх сэтгэлгээг төлөвшүүлж ирсэн өв соёлтой ард түмэн юм.

Угийн бичиг хөтлөх нь есөн үеэ мэдэлцэж, ураг төрлийн хэлхээгээ нандигнан хадгалж, удам судраа цэвэр ариун байлгах иргэний үүргээ биелүүлэх хариуцлагатай үйл хэрэг юм.

Энэ нь монгол хүний удмын сан, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, танин мэдэхүйн ач холбогдолтой бичиг соёлын баримт, улс үндэстэн тусгаар оршихуйн үндэс болсон хүн ам зүйн бодлогын нарийн чанд утга агуулга бүхий төрт ёсны үйл хэрэг юм.


“Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх, цус ойртолтыг багасгах.


Хүн амын удмын санд учрах сөрөг нөлөөллийг бууруулах талаар тодорхой заалт тусгасан бөгөөд эдгээр бодлогын баримт бичгийн зорилтыг хангах зорилгоор “Нэг өрх-Нэг угийн бичиг” уралдааныг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлж дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүртэл амжилттай явууллаа.


-Угийн бичгийн уралдааны тэргүүн байрыг эзэлсэн Тосонцэнгэл сумын онцлох үйл ажиллагааг тодруулж хэлэхгүй юу?

-Уралдаанд оролцсон сум бүр угийн бичгийн талаарх нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, сумын угийн бичиг хөтөлдөг өрхийнхөө судалгааг гаргасан байна.

Эдгээрээс онцолбол, Тосонцэнгэл сум Google form холбоос ашиглан иргэдээсээ судалгаа авчээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх хувь буюу 55 хувь нь 25-35 насны залуучууд байна. Тэдний угийн бичгийн талаарх ойлголт мэдлэг дунд зэргийн, угийн бичгээ хөтлөх нь зөв хэмээн боддог ч яг хөтөлдөг иргэд дунд зэргийн үзүүлэлттэй гарсан байна.


Тосонцэнгэл сум нь 9700 гаруй хүн амтай 2840-өөд өрхтэй бөгөөд угийн бичиг хөтлөлтийн явц 20 хувьтай байна.



-Энэ уралдааныг зохион байгуулж, нөлөөллийн ажил хийснээр тодорхой хэмжээний үр дүн гарсан байх?

-Иргэд угийн бичгийн хөтлөхийн ач тусыг ойлгодог болж байна. Тухайлбал, Тосонцэнгэл сумын иргэд угийн бичиг хөтлөх аргачлал, анхаарах зүйлс, ураг төрөл, удмын зураглалд хэрэглэх тэмдэглэгээ, эцэг, эхийн талын садан төрөлд хэрэглэх нэршил гэх мэт мэдээллийг нөлөөллийн сургалтуудаас мэдэж авсан.

Дээрх мэдээллүүдийг агуулсан А4 хэмжээтэй цаасан дээр хоёр талдаа бүрэн бичвэр болон зураглалтай нугалбарыг зохион байгуулагчдаас бэлтгэн боловсруулж сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашигласан.


Угийн бичгийн үлгэрчилсэн загвар болон дэвтрийг сумын өрх бүрд тарааснаар угийн бичиг хөтлөлт эрс нэмэгдсэн байна.

Сумынхаа угийн бичиг хөтөлдөг айл, өрхийн судалгааг шинэчлэн гаргасан байна. Байгууллага, иргэдийн дунд зохион байгуулсан угийн бичгийн сургалтууд болон цахимаар танилцуулж байгаа бичлэг, контентуудын ирц болон хандалтын тоо нь их байсан.


Харин Тэс сумын иргэдийг угийн бичгээ хөтлөх, ураг удмаа судлах, танин мэдүүлэх нөлөөллийн ажлын хүрээнд Соёлын төвийн дэргэдэх номын санд Угийн бичиг хөтлөх арга зүйн буланг нээжээ.


Сумынхаа угийн бичгийн номоо гаргасан ураг удмынхны ном товхимол, гарын авлагаар тусгай булан гаргаж иргэдэдээ таниулж байна.

Улиастай сум гэхэд сумынхаа зургаан багийн хэмжээнд сургалтуудыг зохион байгуулж, угийн бичиг хөтөлдөг өрхүүдийн угийн бичиг хөтлөх арга зүйг бусад иргэнд зааж, угийн бичиг, ном бусад материалаар үзэсгэлэн гаргаж иргэдэд сурталчилсан байна. Үүний үр дүнд угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг ойлгож 35 өрх шинээр угийн бичиг хөтөлж эхэлжээ.


Ургамал сум нь угийн бичиг хөтөлдөг өрхийнхөө судалгааг гаргаж 2023 онд угийн бичгийг түүхэн хэлбэрээр хөтөлсөн 59 өрхийн 168 иргэн байсан бол 2024 онд 30 өрхийн 120 иргэн шинээр угийн бичгээ албан ёсоор хөтөлдөг болжээ.

Ургамал сумын угийн бичиг хөтөлдөг иргэд өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.4 хувиар нэмэгдэж, сумын нийт өрхийн 27.4 хувь нь угийн бичгээ хөтөлдөг болжээ.

Түүнчлэн Ургамал сум малчдын чуулга уулзалтын үеэр "Угийн бичгийн арга зүй" сэдвээр сургалт хийж 130 малчныг хамруулсан гээд энэ уралдааны хүрээнд сумдад зохион байгуулсан үйл ажиллагаанууд иргэдэд эерэг нөлөө үзүүлж тодорхой үр дүнг бий болгосон нь сайшаалтай.


-Завхан аймаг 24 сумтай, энэхүү уралдаанд 11 сум л идэвхтэй оролцсон гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Энэ уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгуулсан. Гэтэл бусад сум уралдаанд идэвхтэй оролцох, иргэдэд нөлөөллийн сургалтыг хангалттай явуулаагүй нь харамсалтай. Сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд, ялангуяа соёлын байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа сул байсан.


Тиймээс цаашид аймгийн хэмжээнд угийн бичиг хөтлөлтийг сайжруулах, иргэдэд нөлөөллийн үйл ажиллагааг салбар дундын байгууллагууд харилцан хамтын ажиллагаатай идэвхтэй зохион байгуулах нь чухал байна. Түүнчлэн тухайн сум орон нутгийн шийдвэр гаргах түвшний удирдлагууд болон сумын ИТХ, ЗДТГ, төрийн бус байгууллагууд ч хамтын ажиллагаагаа сайжруулаасай, иргэд сайн дурын санаачилгаараа угийн бичгээ заавал хөтөлж, ураг удмынхаа талаарх түүхийг бүтээж хойч үедээ өвлүүлээсэй гэж зөвлөж, уриалж байна.  


Холбоотой мэдээ