Сарны чулуулагт оливин байгааг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-05-28 09:48:42

ТОКИО, 2024 оны тавдугаар сарын 28 /NHK/. Японы судлаачид энэ оны нэгдүгээр сард Саран дээр газардсан сансрын хөлгийн цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр Сарны үүсэлтэй холбоотой эрдэс бодис болох оливин байгааг илрүүлжээ.


Сарыг судлах ухаалаг төхөөрөмж буюу SLIM нь сарны гадаргуу дээр амжилттай газардсан Японы анхны буугч төхөөрөмж юм.


Рицүмэйкан их сургууль, Айзү их сургуулийн судлаачдаас бүрдсэн баг даваа гарагт Токиогийн ойролцоох Чиба мужид болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр өөрсдийн хийсэн нээлтээ танилцуулсан байна.


Судлаачид буугч аппаратын камераар авсан Сарны гадаргуугийн чулуулгийн гэрэл зургуудад дүн шинжилгээ хийж, улмаар оливин хэмээх эрдэс бодис байгааг илтгэх мэдээллийг олж авчээ. Тэд цаашид эрдэс бодисын химийн найрлагыг нарийвчлан судлах ажээ.


Сарны болон Дэлхийн оливиныг харьцуулснаар Сар нь Дэлхий болон өөр огторгуйн биетийн мөргөлдөөний үлдэгдлээс үүссэн хэмээх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн онолыг баталж чадна.


Айзү их сургуулийн профессор Октаке Макико хэлэхдээ, бид удаан хугацааны турш хүлээсээр ирсэн мэдээллийг олж чадсан, судалгааны үр дүн маш их найдвар төрүүлж байна гэлээ. Тэрбээр цаашид дүн шинжилгээг үргэлжлүүлэн хийснээр Сарны үүслийн талаар илүү тодорхой мэдээлэлтэй болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.



Холбоотой мэдээ