Нийслэлийн эрүүл мэндийн таван байгууллага яаралтай тусламжийн шинэ машинтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-05-31 15:08:50

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн машины парк шинэчлэлийг энэ онд хийж буй. Үүний дагуу нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн таван байгууллагад яаралтай тусламжийн зургаан машиныг хүлээлгэн өглөө.


Тодруулбал, яаралтай үед түргэн тусламж үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “FOTON G7 Ambulance” загварын автомашиныг нийслэлийн Түргэн тусламжийн төвд хоёр, “Амгалан”, “Өргөө”, “Хүрээ” амаржих газар болон Шүд, эрүү, нүүрний төвд тус бүр нэгийг хүлээлгэн өгсөн юм.


Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, “Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэн, улсын хэмжээнд төрж байгаа эхчүүдийн 50 гаруй хувь нь нийслэлд төрж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа гэсэн тооцоолол гарсан. Иймд иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулах үүднээс нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад яаралтай тусламжийн зургаан машиныг хүлээлгэн өглөө” хэмээн эрүүл мэндийн салбарын хамт олонд талархал илэрхийлэн, амжилт хүслээ.


Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн дарга Д.Долгормаа, “Манай эмнэлэг 1986 онд байгуулагдсан цагаасаа хойш анх удаа автомашинтай болж байна. “Эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийн дагуу сургууль, цэцэрлэгийн хүүхдэд явуулын үзлэг хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад автомашины хэрэгцээ нэн чухал байсан. Ийнхүү бидний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгсөнд талархаж байна” хэмээв.



Холбоотой мэдээ