Үндсэн хуулийн цэцийн даргаар Г.Баясгаланг сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
b.tuul@montsame.gov.mn
2024-05-31 16:01:36

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн өнөөдрийн хуралдаанаас Г.Баясгаланг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо.


Гунгаагийн Баясгалан нь 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ.


Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад, 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон. УИХ-ын 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж буй.


Цэцийн даргаар сонгох хүний нэрийг гишүүдийн дотроос дэвшүүлж, нууц санал хураалтад олонхын санал авсныг нь сонгодог ажээ.
Холбоотой мэдээ