Дуунд мөнхөрсөн Беловежийн ой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Беларусь улсын нутагт орших Беловежийн ой бол ЮНЕСКО-гийн байгалийн өвийн жагсаалтад багтдаг дархан цаазат газар бөгөөд Беларусийн үндэсний бэлгэ тэмдэг, нэрийн хуудас, беларусьчуудын бахархал юм. Өвөрмөц ховор төрлийн өргөн навчит шилмүүст модод бүхий энэ ой бол хэдэн мянган жилийн өмнө Европ тивийг бүрхэж байсан их ойгоос өнөө цагт үлдэж хоцорсон “өчүүхэн жижиг арал” болой.
Хүн төрөлхтний соёл иргэншлийн сөрөг нөлөөллөөс үзэсгэлэн
төгөлдөр онгон дагшин байгалийг хамгаалахын тулд дэлхий дээр маш олон байгалийн
цогцолборт газар, үндэсний парк, дархан цаазат газруудыг байгуулсан байдаг.
Гэхдээ “Беловежийн ой”-той эн зэрэгцэхүйц ижил төстэй ойн цогцолбор газар энэ
дэлхийд үгүй ажээ. Иймээс хосгүй үзэсгэлэнт энэ газрыг алдаршуулахын тулд
тансаг үг, аялгуу бүхий дууг зохиосон нь өнөөг хүртэл хүмүүсийн сэтгэл зүрхийг
эзэмдэн дуулагдсаар байна.
Онгон дагшин ойн тухай “Беловежская пуща” /белорус хэлээр - Белавежская пушча/ гэдэг дуунд үлэмж тансаг аялгууг сэтгэл зүрхний гүнээс ундран төрсөн шүлэгтэй хослуулснаар орчин цагийн хамгийн алдартай уянгын дуунуудын нэг бүтсэн болой.
Олон мянган жилийн өмнө бий болсон
Беловежиийн өтгөн шугуй хэмээх байгалийн өвөрмөц тогтцын сүр хүч, гоо
үзэсгэлэнг нүдэнд харагдтал дүрсэлдэг энэхүү дууг хэрхэн бүтээсэн түүх ч сонирхолтой.
Юун түрүүнд, Александра Пахмутова, Николай Добронравов гэдэг
нэг гэр бүлийн хосгүй авьяаслаг хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёрыг тухайн
үеийн социалист гэгдэж байсан орнуудын иргэд, өдгөөгийн 60 ба түүнээс дээш
насныхан сайн мэднэ. Тэр тусмаа фолк рок этник урсгалаар уран бүтээлээ
туурвидаг Беларусийн алдарт “Песняры” хамтлагийн дуулсан “Беловежийн ой”-г энэ хоёр алдартан зохиосныг ч андахгүй.
1970-аад оны эхээр А.Пахмутовагийн уран бүтээлийн амжилтууд
ар араасаа хөвөрсөөр, Зөвлөлт улс даяар бишрэн хүндлэгдсэн хөгжмийн зохиолч
болоод байлаа. Түүний зохиосон дуунууд хит болж, радио, телевиз, кино, концерт төдийгүй баяр бүхний ширээний ард хаа сайгүй эгшиглэж байв.
Зөвлөлт орон даяар алдар суу нь түгсэн Пахмутова-Добронравов хэмээх уран бүтээлч хосын урын санд “Беловежская пуща” дуу онцгой байр суурь эзэлдэг. Гайхамшигт тансаг эгшиг аялгуутай, шүлгийн эхний мөрүүдийг нь уншихад л хүний зүрх сэтгэлийн нандин утсыг хөнддөг энэ дуу олон арван жилийн туршид сонсогчдын сэтгэл зүрхийг эзэмдсээр ирсэн байдаг. Энэ бол цаг хугацаанд үл захирагдах сонгодог бүтээл бөгөөд тухайн төрөл жанрын хувьд охь дээж нь юм.
Зөвлөлт гүрэн даяар алдаршиж, ЗСБНХОУ-ын урлагийн гавьяат
зүтгэлтэн хэмээх цолыг хүртсэн А.Пахмутоваг тухайн үед болж байсан дууны
уралдаануудын шүүгчээр урих болжээ. 1973 онд Минск хотноо болсон “Бүх Холбоотын
Зөвлөлтийн дуу”-ны уралдааны мэргэжлийн шүүгчдийн ахлагчаар түүнийг сонгосон байна.
Мэргэжлийн өндөр түвшинд зохиогдсон уралдааны ялагч нь Берлинд болох Дэлхийн
залуучууд, оюутны X их наадамд ЗХУ-ыг төлөөлөх ёстой байлаа. Хоёр зуу шахам
өрсөлдөгчийн дотроос Беларусийн “Песняры” хамтлаг бусдаасаа хол тасархай
түрүүлж, уралдааны тэргүүн шагналыг хүртжээ. Нутгийнх нь хамтлаг ялалт байгуулсанд баярлаж хөөрсөн
Беларусийн Коммунист намын 1-р нарийн бичгийн дарга П.М.Машеров уралдааны
шүүгчдийг гэртээ урин дайлав. Энэ үеэр тэрбээр А.Пахмутова, Н.Добронравов нарыг
Беларусийн нэрийн хуудас, үндэсний бэлгэ тэмдэг, беларусьчуудын бахархал болсон
Беловежийн ой хэмээх дархан цаазат газрыг очиж үзэхийг урьжээ.
Дархан цаазат газраар автомашинаар, мориор, явганаар аялсан
хөгжмийн зохиолч, шүлэгч хоёрт хөтөч хийсэн судлаач П.М.Кочановский балар
эртний ойн бүхий л нууцлаг газрыг үзүүлэв. 700-800 жилийн настай сүрлэг царс
модод, эр зориг, сүр хүчний бахархал болсон бух гөрөөснүүд, нуурын уснаас
умдаалж буй бугын сүргийг хараад уран бүтээлчдийн сэтгэл машид их догдолжээ.
Беловежийн ойн тухай дуу зохиох мөрөөдөлдөө хөтлөгдсөн П.М.Кочановский яг энэ мөчид өөрийн зохиосон дөрвөн мөрт шүлгийг зочдод уншиж өгөөд, түүнд аялгуу хийж өгөхийг Пахмутовагаас хүсэв. Харин хөгжмийн зохиолч уг саналаас эелдэгхэн татгалзаж, зөвхөн өөрийн нөхөр Добронравовын зохиосон шүлгүүдэд аялгуу хийдгээ хэлжээ. Энэ үгэнд урам хугарсан Кочановский “Хэрвээ таны нөхөр Беловежийн ойн тухай шүлэг бичиж өгөхгүй бол түүнийг эндээс явуулахгүй” хэмээн тоглоом наргианаар шаардсан байна. Бодлынх нь чанадад шүлгийн мөрүүд бүдэг бадагхан цухалзах тэрхэн мөчид Николай Николаевич Добронравов “тулган шаардалт”-ыг дуртайяа хүлээж авчээ. Тэрбээр зочид буудлын нэгэн өрөөнд өөрийгөө тусгаарлан дууны шүлэг бичсэн байна. Хоёр хоногийн дараа нь бага зэрэг ядарч, сахал үс нь үл ялиг ургасан таван бадаг шүлэг бэлэн болгосон байв. Шүлгийн яруу тансаг утга уянгад тэнд байсан хүмүүс бүрэн ховсдуулжээ.
Заповедный напев, заповедная даль.
Свет хрустальной зари, свет, над миром встающий…» гэсэн эхний хоёр мөр дотор үнэн алдартны шашны үзэл санаа, соён гэгээрүүлэгч мөн чанар шингэсэн байгаа нь Добронравовын эцгийн талын өвөг дээдэс нь санваартнууд байсан учраас генээр нь дамжин уламжлагдсантай холбоотой гэдэг.
Заповедь гэдэг нь библийн сударт байдаг үг бөгөөд “заповедное” гэдэг тэмдэг нэр нь нууцад хадгалагддаг, төрөөс хамгаалалтад авсан гэх мэт утгыг илэрхийлдэг байна. Тэгэхээр “заповедник” гэдэг үгийн гарал үүсэл, анхдагч утга нь ч тодорхой болно. Иймийн учир, тухайн үед урлагт хатуу цензур тогтоодог байсан 1970-аад оны үед ч гэсэн тэрхүү тэмдэг нэрийг “Песняры” чуулгын дуулсан дууны үгэнд хэвээр үлдээжээ.
...Ингээд гэр бүлийн хоёр Москвад буцаж ирснээсээ хойш хагас жилийн дараа нэр алдрын нь бахархал болон эгшиглэх дууг бүтээсэн байна. Түүнийг нь дуу хөгжмийн “Песняры” хамтлаг хамгийн анх удаа дуулсан гэж хүмүүс боддог. Гэтэл үнэн хэрэгтээ Бүх Холбоотын радио, телевизийн дэргэдэх хүүхдийн их найрал дууны хамтлаг хамгийн түрүүнд амилуулсан түүхтэй. Найрал дууны гоцлол дуучин нь 13 настай Виталий Николаев байсан бөгөөд бичлэг хийх үеэр студид тун хяслантай явдал тохиолджээ. Виталий хүйтэн мөхөөлдөс идсэн тул хоолой нь цуцаж хоёрдугаар октаваас гарч, дээд өнгөнд хүрч чадахгүй байв. Түүнд нимбэгтэй цай өгч, тайвшруулсан боловч огт нэмэр болсонгүй. Иймээс дууны найруулагчид соронзон хальсны бичлэгийн хэсгүүдийг хооронд нь эвлүүлэх маягаар бичлэгийг хийж дуусгажээ.
"Виталий хожим нь насанд хүрсэн хойноо ярихдаа, “Беловежийн ой” үлэмж төгс дуу байсан тул анх дуулах үед хамаг бие минь дагжин чичрэх шиг болж байсан” хэмээн дурсаж байв.
ЗХУ-д сууж байсан Италийн Элчин сайд дууг анх толилуулахад
ирж сонсоод нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ярихдаа, “Беловежийн ой” ба Миланы
хүүхдийн найрал дууны хамтлагийн дуулсан “Ave Maria” хоёрыг давах тийм сайхан
дууг амьдралдаа хэзээ ч сонсож байсангүй” гэж байлаа.
Гурван мөрт шүлгээс бүтсэн таван бадаг бүхий энэхүү дууны аялгууг мажор дэвсгэр хөг дээр зохиосон боловч үе үе минор дэвсгэр хөг рүү шилждэг. Хөгжмийн зохиомж нь огцом нугалаа ихтэй бөгөөд зарим тохиолдолд септимээр /долоон ноотоор/ гэнэт дээшилнэ. Аялгууны цараа нь бүхэл бүтэн хоёр октавыг хамардаг тул дуучдаас мэргэжлийн өндөр чадвар шаарддаг. Ийм учраас “Беловежийн ой” дуу нь “Песняры” хамтлагт дуучнаар тэнцэх эсэхийг тодорхойлдог нэг ёсны сорилго байв.
Хамтлагийн ахлагч Владимир Мулявин дууны дээд өнгүүдийг хүчлэхгүйгээр
гаргаж чадсан хүмүүсийг хамтлагтаа дуучнаар авдаг байлаа.
Харин жирийн үзэгч сонсогчид «Песня-77» телевизийн хөтөлбөрөөр уг
дууг анх сонссон бол 1978 онд “Мелодия” фирм “Песняры” хамтлагийн ээлжит
цомгийг гаргахдаа уг дууг Валерий Дайнеко-гийн дуулснаар оруулжээ. Тэр цагаас
хойш “Беловежийн ой” нь Зөвлөлтийн анхны фолк рок хамтлагийн хит дуунуудын нэг
болов.
Хожим нь Беловежийн сүлд дууг дуулахдаа “Песняры”
хамтлагийнхан “окарина” гэдэг ойн чимээг гаргадаг, лимбэтэй төстэй хөгжмийн
зэмсгийг хэрэглэх болсон байна
Зөвлөлтийн хамтлагуудын дотроос хамгийн анх Америкийн фолк рок New Christie Minstrels гэдэг хамтлагтай хамт АНУ-аар аялан тоглолт хийх үедээ “Беловежийн ой” дууг дуулах үед үзэгчид бүгд босоод алга ташин хүлээн авч байв.
Энэ дууг Беларусийн “Сябры” хамтлаг, хүүхдийн найрал дууны хамтлагууд,
гадаадын эстрадын одууд урын сандаа оруулж, ур чадвараа сорьж байлаа.
...1986 онд СNN-ийг үүсгэн байгуулагч Америкийн тэрбумтан Тед
Тёрнер Беловежийн ойг 1,5 тэрбум доллароор худалдан авахыг хүсэлт гаргаж байв.
1991 онд ЗХУ-ыг тараах тухай Беловежийн хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш алдартай дууны агуулга өөрчлөгдөж, тарж бутарсан их Зөвлөлт гүрнийг санагалздаг “гунигийн дуу” болон хувирчээ. Беловежийн ойд их гүрнийг тараах тухай гэрээнд гарын үсэг зурсныг эсэргүүцэж, “Песняры” хамтлагийнхан хит дуугаа дуулахаас татгалзсан байна.
Б.Адъяахүү