ЗАВХАН: 1960-аад онд үйлчлүүлэгчдийг татах аргыг ашиглаж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Сонгино сумын музейд 1960-аад оны үед соёлын үйлчилгээг оновчтой аргаар хэрхэн үзүүлж байсан тухай түүхэн баримт хадгалагдаж байна.
Тодруулбал, тухайн үед сумын кино механикчаар ажиллаж байсан Мөнгөний Чогсомжав гуайн ажлын арга туршлагын тухай баримт, тухайн үеийн ажлын техник хэрэгсэл бүхий үзмэрүүд бий.
Тухайлбал М.Чогсомжав гуай ухуулга хийхдээ нутаг орны байгаль, цаг уурын онцлог, мал сүргийг маллах арга, тэргүүний хүмүүсийн туршлага, иргэдийн ажил амьдрал, хүсэл сонирхлыг судалж, дүгнэлт хийгээд хаана ямар сэдвээр ухуулга хийхээ төлөвлөн материалаа бэлтгэдэг байжээ.
Кино үзэх, ухуулга ярианд хүмүүсийг идэвхтэй оролцуулах болзол зарлаж дүгнэх, тэргүүний үзэгчийн суудал бий болгосон нь иргэдийн кино үзэх, ухуулга ярианд оролцох идэвхийг сайжруулжээ.
Ажлын ийм арга барилын үр дүнд киноны орлого, үзэгчийн төлөвлөгөөг жил бүр тогтмол давуулж, таван жилийн төлөвлөгөөг долоон сарын өмнө биелүүлдэг байжээ.
Мөн өөрийн хариуцсан техникийг ариг гамтай эдэлж, үйлчилгээг байнга хийдэг учраас киноны нэг моторыг 13 жил, КН-15 аппаратыг 9 жил ашиглаж байсан түүхэн баримт байна.
М.Чогсомжав 1961-1990 оны хооронд кино механикчаар ажиллахдаа нүүдлийн кино цэгийн ажлыг иргэдэд хүргэх, үүрэг зорилгоо биелүүлэхийн тулд шинэ аргыг ашигладаг байжээ.
Тэрээр социалист уралдаанд амжилттай оролцохын тулд шинэ аргыг санаачлан нэвтрүүлж байсан нь одоогийн бидний маркетинг, менежментийн онол, арга барил байсан нь сонин.
Тухайлбал, кино цэгийг тойруулан ажил зохиохдоо сумын иргэд дундаас нийгмийн идэвхтэй хэсгийг ухуулагч идэвхтэнээр сонгож зөвлөн ярилцах, төлөвлөгөө гаргах зэргээр хүмүүстэй хамтран баг болж үйлчлүүлэгчдийг татах ажлыг хийдэг байсан нь социалист уралдаанд түрүүлэх, олон нийтийг соёл урлагийн ажил ялангуяа кино үзэхэд уриалан дууддаг байжээ.
Нэг сая орчим
хүнд кино үзүүлжээ
М.Чогсомжав 30 гаруй жил кино механикч хийхдээ 9466 удаа кино гаргаж, 628100 насанд хүрэгчдэд, 272420 хүүхдэд буюу нэг сая орчим хүнд кино үзүүлсэн байна.
Мөн сумынхаа бүх хүний нэрийн жагсаалтыг дэвтэрт бичиж кино тавьсны дараа тухайн өдрийн кино үзсэн хүмүүсээ бүртгэж, тэр бүртгэлээсээ сар, улирал, жилээр нь хэн хичнээн кино үзсэнийг тэмдэглэж, хамгийн их кино үзсэн. Огт үзээгүй гэх мэтчилэн ялгаж, тэргүүний үзэгчийг тодруулж шагнаж, огт үздэггүй хүмүүст урилга өгөх, сануулах зэргээр ажил зохиодог байж.
Түүний бүртгэлээс сонирхолтой баримт дурдвал, 1961 онд Монголын уран сайхны “Морьтой ч болоосой” киног 14 удаа, “Цогт тайж” нэг, хоёрдугаар ангийг нийт 31 удаа, “Энэ хүүхнүүд үү” кино 20 удаа гэх мэтчлэн хамгийн олон удаа үзэгчдийн хүсэлтээр гарч байжээ.
Харин “Гарьд магнай” киног 1975 үзэгч, “Хатанбаатар” киног 1404, “Эх бүрдийн домог” киног 1320 үзэгч, “Мөнгөн буйл”, “Морьтой ч болоосой”, “Байлдааны даалгавар” гэх мэт киног хамгийн олон үзэгч үзсэн гэх мэтчлэнгээр бүртгэж баримтжуулж байсан нь өдгөө сумын музейд сонирхолтой түүх болон хадгалагдаж байна гэж Сонгино сумын Соёлын төвийн дэргэдэх музей техникийн ажилтан А.Лувсандагва мэдээлэв.
Кино механикч М.Чогсомжавын ажлаа хийж байх үедээ унаж байсан мотоцикл сумын музейд хадгалагдаж байна