“Челси”-гийн дасгалжуулагчаар Энцо Мареска ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТЛОНДОН, 2024 оны зургаадугаар сарын 4 /ABC/. “Челси” клубийн ахлах дасгалжуулагчаар Энцо Мареска ажиллахаар болсныг тус клуб даваа гарагт мэдэгдлээ. Тэрбээр таван жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Өдгөө 44 настай итали дасгалжуулагч өнгөрсөн улирлын төгсгөлд багаа орхисон Маурисио Почеттиногийн халааг авах юм.
“Дэлхийн хамгийн том клубүүдийн нэг болох “Челси”-д нэгдэх нь дасгалжуулагчийн хувьд мөрөөдөл юм. Ийм боломж олдсонд маш их баяртай байна. Миний бие клубийн амжилтын буухиаг үргэлжлүүлж, хөгжөөн дэмжигчдийнхээ бахархлыг төрүүлэх багийг дасгалжуулахын тулд чадварлаг тоглогчид болон бусад ажилтнуудтай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Э.Мареска “Челси”-гийн албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ.
Челсичүүд ч мөн түүнийг баяртайгаар хүлээн авсан бөгөөд спортын захирал Лауренс Стюарт, Пол Уинстанли нар мэдэгдэхдээ, Энцог “Челси”-д хүлээн авч байгаадаа баяртай байна, тэрбээр өөрийгөө гайхалтай үр дүнд хүргэх чадвартай маш сайн дасгалжуулагч гэдгээ баталсан гэлээ. “Энцо дасгалжуулагчаар томилогдохоосоо өмнө яриа хэлэлцээний явцад бидэнд гүн сэтгэгдэл төрүүлсэн. Түүний хүсэл эрмэлзэл, ажлын ёс зүй нь манай клубийнхтэй нийцдэг. Түүнтэй хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж тэд бичжээ.
Э.Мареска тоглогчийн
хувиар “Ювентус”, “Севилья”, “Малага”, “Фиорентина”, “Сампдориа” зэрэг хэд хэдэн багт тоглож байжээ. Тэрбээр “Манчестер Сити”-гийн залуу тамирчдын хөтөлбөрт дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд “Парма”-д богино хугацаанд ажиллаж байлаа. Улмаар “Лестер Сити”-г дасгалжуулахаасаа өмнө Пеп Гвардиолагийн туслахаар нэг жил ажиллаж байжээ.