ЗАВХАН: Малчид хоршоо байгуулж шар тос үйлдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-04 14:58:15

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн сарлагийн шар тосыг экспортод гаргах боломжтой болжээ.


Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ хоршоо төслийн хүрээнд Тосонцэнгэл суманд шар тос үйлдвэрлэх малчдын хоршоо байгуулжээ.

Хоршоонд 40 малчин нэгдэхээс одоогоор Их-Уул, Тэлмэн сумаас 30 малчин өрх нэгдээд байна. Энэ хоршоо нь "Шинэ хоршоо" төслийн хүрээнд бизнес төслөө хэрэгжүүлж, авсан зээлээрээ стандарт хангасан ажлын байр, агуулах, тоног төхөөрөмжтэй болох юм.


Малчдын хоршоо үйлдвэрлэсэн шар тосоо Арабын орнуудад экспортод гаргахаар “Үндэсний үйлдвэрлэгч” компаниудтай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна гэж Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Завхан аймгийн нийт бэлчээр нутгийн 83.56 хувь нь мал сүргийг хэрэгцээт тэжээлээр хангах боломжтой. Байгалийн гурван бүсэд хамаардаг цөөхөн аймгийн нэг.


Тухайлбал бэлчээрийн мониторинг судалгааны мэдээллээр аймгийн нийт бэлчээрийн 33.69 хувийг эзэлж буй өндөр уулын бэлчээр нь Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Яруу, Алдархаан, Отгон суманд бий.

Өндөр уулын бэлчээр нь сарлаг, хайнаг, үхрийн тохиромжтой бэлчээрийн нутаг юм. Тиймээс ч Их-Уул, Тосонцэнгэл, Идэр, Тэлмэн сумынхан сарлагийн сүү, цагаан идээгээ борлуулж аймгийн иргэдийн сүү, цагаан идээний хэрэгцээг хангадаг.  

2023 оны эцэст 3067.6 мянган толгой мал тоолуулснаас 236.4 мянган толгой үхэр тоолуулж нийт мал сүрэгт үхэр 7.7 хувийг нь эзэлж байна. Үхэр сүргийн тоогоор Их-Уул сум 35.9 мянган толгой, Тосонцэнгэл сум 21.8 мянган толгойгоор аймагтаа тэргүүлдэг байна. 

Холбоотой мэдээ