Гепатитын D вирусээр халдварласан иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-06-06 16:19:38

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гепатитын D вирусний халдвартай иргэдийн эмийн зардлыг холбогдох хуульд нийцүүлэн улсын төсвөөс хариуцахаар зохицууллаа. 


Үүнтэй холбоотойгоор 2024 онд батлагдсан төсвийн багцаасаа шийдвэрлэх, 2025 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.


Гепатитын D вирусний халдвар В вирусний халдвартай хавсарч явагддаг бөгөөд дэлхийд В вирусний халдвартай хүмүүсийн таван хувь орчимд нь гепатитын D вирусний халдвар хавсарсан байдаг бол Монгол Улсад 36.5 хувь буюу 70 мянга гаруй хүн байдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.


Дэлхий дахинд гепатитын D вирусийг эмчлэх шинэ эмүүдийн нэг бол элэгний эсэд D вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй “Булевиртид” эм юм. Одоогоор энэ эмийг Европын Холбооны улсад болон ОХУ-д эмчилгээнд ашиглаж байна.

Холбоотой мэдээ