ЗАВХАН: Алдархаан сумын 1993 оны төгсөгчдийн сумаа ногооруулах аян үргэлжилж байна
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
Улиастай, 2024
оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сумаа ногооруулах төгсөгчдийн уриалга,
ажил хэрэг болж өнгөрсөн жилийн тарьсан модны 95 хувь нь ургажээ.
Тэд саяхан төгсөгчдийнхөө цэцэрлэгт хүрээлэнд гоёлын мод болох гацуур, нарс, монос гэсэн 500 орчим модыг нэмж тарьж цэнэг усалгаа хийж усжуулалтын систем суурилуулжээ.
Мөн 1600 квм талбайг зүлэгжүүлж,
усалгааны системийг нь суурилуулж байнгын арчилгаатай байх боломжийг нь бүрдүүлсэн
байна.
Бид тарьж, тордож ургуулж байгаа моднуудаа,
зүлэгжүүлэлтийн ажлаа таван жил үргэлжлүүлэн хийнэ. Ер нь иргэд модыг тариад орхидог биш арчилж
ургуулдаг байхыг үлгэрлэхийг зорьж байна. Энэ жилийн мод тарих, зүлэгжүүлэх,
усалгааны системийг суурилуулах ажилд Улаанбаатар хот болон Улиастайгаас
төгсөгчдийн төлөөлөл 10 гаруй төгсөгч ирж оролцсон байна. Мөн нутагтаа ажиллаж
амьдарч байгаа төгсөгчид маань ч ирж оролцлоо.
Өнгөрсөн жил Улаанбаатар хотоос үрсэлгээний газартай, ойн мэргэжлийн агрономичийг урьж, зөвлөгөө мэдээлэл авч хамтран ажилласан нь ч үр дүнгээ өгч модны амьдралтын хувь 95-аас дээш хувьтай байна.
Жил бүр сумандаа мэргэжлийн агрономичийг урьж зөвлөгөө авч, газар дээр нь хамтран ажилласнаар нутгийн иргэдийн экологийн боловсрол сайжирч мод бут болгоныг тарихаас илүүтэй олон талаас нь судалж, тухайн орчиндоо зохицох ургамлыг шилж сонгон тарьдаг болжээ.
Энэ жил
гэхэд сумын иргэдийн
мод тарих арга барил, сонголт өөр болсон байна. Өмнө нь иргэд ургаж л байвал ямар ч хамаагүй мод
ургамал худалдан авч тарьдаг байлаа. Одоо бол сорт, нэр төрөл, харагдах үзэмж
гээд олон талаас нь сайтар судалж сонгодог болсныг энэ удаагийн мод тарих үеэр
анзаарч баярлаж байлаа.
Өнгөрсөн жил сумандаа
мод тарьж ургуулах санаачилгыг эхлүүлж нийт төгсөгчдөдөө уриалж байсан нь ч
үр дүнгээ өгч төгсөгчид ойн уулзалтуудаараа мод тарьдаг болсон байна гээд
бидний эхлүүлсэн ажил үр дүнгээ өгч байна гэж Алдархаан сумын ерөнхий боловсролын сургуулийг 1993 онд
төгссөн төгсөгчдийн төлөөлөл П.Очир-Эрдэнэ мэдээлэв.
Сонирхуулахад өнгөрсөн жилийн хавар Алдархаан сумын 8 жилийн дунд сургуулийн
1993 оны төгсөлтийн хамт олон эргэн дурсах 30 жилийн ойн хүрээндээ мод тарьж цэцэрлэгт
хүрээн бий болгох ажлыг эхлүүлсэн байна.
Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж сумаа ногооруулах аяныг эхлүүлжээ.
Ингэхдээ 1200 ширхэг буйлс, хайлаас, гүйлс, голт бор гэсэн зургаан төрлийн модыг тарьжээ. Үргэлжлүүлэн намар тариалах гоёлын модныхоо хөрсийг бэлдэж, салхийг нь хаах эхний моднуудаа хашаажуулж тарьсан байна.
Сумандаа
амьдарч байгаа төгсөгчдийн төлөөлөл хүүхдүүд тарьсан модоо арчилж тордох, цэнэг усалгааг мэргэжлийн агрономичийн зөвлөгөөний дагуу хийсэн нь үр
дүнгээ өгчээ.