Газад гал зогсоох төлөвлөгөөг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэмжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК, 2024 оны зургаадугаар сарын 11 /VOA/. Газын зурваст Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох тухай Ерөнхийлөгч Жо Байдены саналыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл даваа гарагт дэмжиж, найман сар үргэлжилсэн дайныг зогсооход чиглэсэн гэрээг хүлээн авахыг Палестины зэвсэгт дайчдад уриалав.
ХАМАС бүлэглэл АНУ-ын боловсруулсан тогтоолын төслийг баталсныг сайшааж, төлөвлөгөөний зарчмуудыг хэрэгжүүлэхэд зуучлагч нартай хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ мэдэгджээ.
Санал хураалтад ОХУ түдгэлзсэн бол Аюулгүйн Зөвлөлийн үлдсэн 14 гишүүн Ж.Байдены тавдугаар сарын 31-нд танилцуулсан гал зогсоох гурван үе шаттай төлөвлөгөөг дэмжсэн тогтоолыг батлахыг дэмжсэн байна.
“Өнөөдөр бид энх тайвны төлөө саналаа өглөө” гэж НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд санал хураалтын дараа мэдэгджээ.
Уг тогтоолд гал зогсоох тухай шинэ саналыг сайшааж, Израилын тал саналыг хүлээн зөвшөөрч байгааг мэдэгдсэний сацуу ХАМАС-т хандан саналыг хүлээн авч, “түүний нөхцөлийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг” уриалсан байна.
Тогтоолд мөн АНУ-ын саналыг дэлгэрэнгүй тусгаж, "хэрэв эхний үе шатанд талуудын хэлэлцээ зургаан долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилсээр байвал хэлэлцээ үргэлжлэх хугацаанд гал зогсоох дэглэм үргэлжилнэ" гэдгийг тодотгожээ.